"Монгол Улсын анхны ерөнхий сайд Оросын эзэнт Улсад" номоор хэлэлцүүлэг хийнэ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2018-10-15 18:10:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас "Эртэч оюунлаг Өвөрхангайчууд" өглөөний ном соёлын уулзалтыг 19 суманд зохион байгуулж эхэллээ.

Уулзалт ирэх баасан гарагт Арвайхээр суманд эхлэх бөгөөд Орон нутаг судлах музей, Уянга сумын Т.Намнансүрэн музей, Арвайхээр сумын 9 дүгээр цэцэрлэг хамтран ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулууны "Монгол Улсын анхны ерөнхий сайд Оросын эзэнт Улсад" номоор хэлэлцүүлэг төлөвлөж байна.

Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө гал цогтой тэмцэж явсан түүх, төрийн хаттай ноён нуруутай, ухаалаг төрийн түшээ байсан хувь хүний талаар энэхүү уулзалтаас илүү тодорхой мэдэх боломжтой тул олон нийтийг хэлэлцүүлэгт уриад байгаа юм.

Дашрамд дурдахад Боловсрол, соёл урлагийн газраас энэ их хүмүүний мэндэлсний 140 жилийн ойд зориулан түүх, нийгмийн багш, түүх судлаачдын дунд Т.Намнансүрэнгийн амьдрал үйл хэрэг, замнал, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодотгох Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байна.

Б.Батчимэг
Холбоотой мэдээ