БНХАУ-ын худалдааны хамгийн том үзэсгэлэн эхэлжээ

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2018-10-15 17:47:08

ГУАНЬЖОУ. /Xinhua/. БНХАУ-ын өмнөд нутгийн Гуаньдун мужийн нийслэл Гуаньжоу хотод тус улсын худалдааны хамгийн том үзэсгэлэн болох "Кантон Фейр" даваа гарагт эхэлж, энэхүү үзэсгэлэн импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компанийн анхаарлыг татаж байгаа тухай “Xinhua” агентлаг мэдээлэв.


Жил тутмын хавар болон намар Гуаньжоу хотноо зохион байгуулдаг “Импорт болон Экспортын үзэсгэлэн”-д 34 орон болон нутаг дэвсгэрийн 1000 гаруй асар оролцож байгаа бөгөөд өмнөх үзэсгэлэнтэй харьцуулахад оролцогч компаниудын тоо ихээхэн нэмэгдсэн ажээ.


Энэ долоо хоногийн даваагаас баасан гарагийн хооронд үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд 25 мянга гаруй фирм оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчилж байгаа юм байна. Мөн үзэсгэлэнд оролцогчдын 60 орчим хувийг “Бүс ба зам”-ын дагуух орнууд эзэлж байгаа юм.


Хятад улсын гадаад худалдаа энэ оны эхний есөн сарын байдлаар тогтвортой өссөн хэвээр байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар буюу 22.28 их наяд юань /3.2 их наяд ам.доллар/-оор өссөн гэж тус улсын Гаалийн ерөнхий хорооноос гаргасан тайланд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ