Д.Нарангэрэл: "Гоёо" үйлдвэрийн ажилчид бензинд хордсон байх магадлалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-15 18:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндэсний үйлдвэрлэгч “Гоёо” ХХК-ийн үйлдвэрт засвар хийж байсан ажилчид өнгөрөгч баасан гарагийн шөнө үл мэдэгдэх химийн бодист хордож нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудлаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл хийлээ.


Тэрбээр, “Гоёо үйлдвэрийн ажилчид химийн бодисонд хордож, Хордлогын үндэсний төвд ирлээ гэсэн мэдээллийг ЭМЯ тухайн өдөр шөнийн 00 цагт хүлээн авсан. Анх хоёр  хүн хордсон байсан ч харамсалтай нь  эмнэлгийн тусламж авч чадалгүй нэг нь түргэний машинд нас барсан. Энэ мэдээллийн дагуу судалгааг НЭМҮТ, Хордлогын үндэсний төвийн эмч нар өвчтөнтэй ярилцах байдлаар хийсэн. Дараа нь тухайн осол болсон газрын хажуугийн өрөөнд байсан “Гоёо” үйлдвэрийн үндсэн 14 ажилчин энэ сарын 13-ны өглөө эмнэлэгт үзүүлсэн. Тэднээс хордлогын шинж тэмдэг илэрсэн хоёр хүнийг Хордлогын үндэсний төвд тусгаарлаж, эмчилгээ хийлээ. Хордлогоос болж нийт 4 хүн эмнэлэгт хэвтсэнээс нэг нь хүндэвтэр, нэг нь маш хүнд, үлдсэн хоёр нь хөнгөн байдалтай байна. Одоогийн байдлаар хөнгөн зэрэгтэй хоёр хүн эмнэлгээс гарсан.Үлдсэн хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна. Маш хүнд байсан өвчтөний биеийн байдал сайжирч, амин үзүүлэлтүүд дээшилсэн.Тухайн үед битүү орчинд шал өрөмдөж байсан жижиг оврын машины бензинд хордсон байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрээд байна. Цаашид өвчтөнүүдээс авсан шинжилгээг нарийвчилж тогтоосны эцэст хордсон шалтгаан тодорхой болно" гэв.

Он гарсаар манай улсад угаарын хордлогын 16 тохиолдол бүртгэгдсэн бол химийн бодисын хордлогын 9 тохиолдол бүртгэгджээ. Химийн бодисоор хордсон 9 хүний 3 нь ямар нэгэн зүйлийг спирт гэж андууран ууснаас үүдэлтэй  юм байна.


Г.Өлзийхутаг

Холбоотой мэдээ