Шадар сайд Ө.Энхтүвшин ШХАБ-ын хуралд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-15 18:35:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо 2018 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн  17 дугаар хуралдаанд оролцов. 


Хуралдаанд ШХАБ-ын гишүүн орнууд – ОХУ, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, ажиглагч орнууд – Афганистан, Беларусь, Иран болон олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид оролцлоо.


ШХАБ-ыг Төв Азийн олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж 2004 онд ШХАБ-д ажиглагч статустай анхны орон болсноос хойш Монгол Улс уг байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримтлаж ирсэн.


Монгол Улс тус байгууллагын хүрээнд  эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуй болон эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирсэн. Түүнчлэн хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, онцгой байдлын менежмент  болон терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэх зэрэг бусад салбарт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг.


Чиндаод энэ оны 6 дугаар сард болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэж мэдэгдсэн билээ.


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн  энэ удаагийн хуралдаанд хэлсэн үгэндээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллага сүүлийн жилүүдэд өргөжин, түүний үйл ажиллагааны цар хүрээ тэлж,бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, дэлхий дахинд  нэр хүнд, нөлөө нь өсч буйд манай улс баяртай байгааг илэрхийлээд ШХАБ-тай хамтран ажиллах талаарх манай улсын байр суурь, зорилтуудыг танилцуулав. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээний хамтын ажиллагааг юуны өмнө эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, бүс нутгийн орнуудад тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд оролцогч орнуудын эдийн засгийн хөгжилд түлхэц өгөөд зогсохгүй байгууллагын нэр хүндийг бэхжүүлэх, байгууллагын талаарх эерэг ойлголтыг дэлгэрүүлэх, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.


Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдаанд оролцогч талуудын  төлөөлөгчидтэй хуралдааны үеэр  уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, ШХАБ-ын төлөв байдлын талаар санал солилцов.

Холбоотой мэдээ