Цагдаагийн албан хаагчид ноцтой гэмтэл учруулсан этгээдүүдийг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-16 11:30:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн албан хаагчийг тээврийн хэрэгслээр дайрч гэмтээн зугтсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, "Майхан толгой" орчмоос баривчлав.

Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 15-ны өдрийн 11.30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагч тус дүүргийн "Япон цогцолбор"-ын орчимд "Тоёота-Прадо" маркын автомашиныг зогсоон шалгахад залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт Т.Лундаа нар явж байв. Тэднийг саатуулахаар шаардлага тавих үед алба хаагчийг тээврийн хэрэгслээр чирч унаган, зугтсан хэрэг гарсан.

Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд гэмт этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд орхин зугтсан байсныг олж эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн. Эрэн хайх ажиллагааг шуурхай явуулан оройн 22.30 цагт Т.Лундааг, 23.25 цагт Б.Энхбаярыг тус тус баривчлан саатуулав.

Б.Энхбаяр гэгч нь залилангийн их хэмжээний хохиролтой хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2 дугаар  хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж.

Харин ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн боловч одоог хүртэл ухаан ороогүй байна.



Холбоотой мэдээ