“Гарын таван хуруу” транс авангард, мюзикл жүжгээр гранпри хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-16 15:18:40

Завхан/МОНЦАМЭ/.Шилдэг бүтээл-2018 улсын VIII уралдааны баруун бүсийн шилдгүүд тодорлоо. Наадмын гранпри шилдэг бүтээл шагналыг Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн “Гарын таван хуруу” транс авангард, мюзикл жүжиг хүртжээ.

Мөн тус театрынхан шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг хөгжмийн зохиолч гэсэн номинацийн шагналуудыг хүртсэн байна. Энэ сарын 12-ноос эхэлсэн тус уралдаанд баруун таван аймгийн театрын 150 гаруй уран бүтээлчид оролцож найман номинаци, 15 шагналтнууд тодорчээ. Тухайлбал шилдэг найруулагчийн шагналыг Ховд аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч С.Ариунжаргал, шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын залуу жүжигчин Б.Балжан, туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчнээр Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин А.Ханат тодорчээ.

Мөн уралдаанд идэвхи санаачилга гарган оролцсон театруудад шүүгчдийн нэрэмжит шагналыг гардуулсан. Дөрвөн жилд нэг удаа болдог тус уралдаан эрдэмтэн зохиолч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний нэрэмжит болж буйгаараа онцлогтой.

Театрууд эрдэмтэн зохиолч Э.Оюуны найруулсан, орчуулсан жүжгүүдээр маш богино хугацаанд уран бүтээлээ найруулж тайзнаа амилуулсан.  Энэ жилийн наадмын онцлог нь Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Хэзээ ч мартахгүй драмын жүжгийг монгол хэлээр амилуулсан нь сонин байжээ.

Мөн Увс аймгийн театрын уран бүтээлчид хамгийн олон бүрэлдэхүүнтэй буюу 52 хүний бүрэлдэхүүнтэй оролцож жүжгийн хөгжмийг амьдаар буюу театрынхаа хөгжимчдөөр тоглуулсан нь их онцлог болжээ. Энэ жилийн Шилдэг бүтээл-2018 улсын VIII уралдааны баруун бүсийн шалгаруулалтын ерөнхий шүүгчээр МУДЭТ-ын жүжигчин, Б.Урнаа, МУСТА найруулагч Н.Болд, СУИС-ын урлаг судлаач багш Б.Батсайхан нарын таван шүүгч шүүв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ