Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг түр хамгаалах байр ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-16 11:49:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймгийн Өлгий хотод гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах зорилгоор барьсан "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн барилгыг 10 дугаар сарын 13-нд ашиглалтад хүлээлгэж өглөө.

Арга хэмжээнд Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, аймгийн Засаг дарга А.Гылымхан болон хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцлоо.

Аймгийн ИТХ-аас 2018 оны орон нутгийн төсвөөс уг ажилд зориулан 100 сая төгрөг шийдвэрлэсэн бөгөөд өнгөрөгч наймдугаар сард шавыг нь тавьсан юм. Барилгын ажлыг Зэвсэгт хүчний 340 анги гүйцэтгэжээ. Уг байгууламж нь 8х10 харьцаатай, найман өрөө бүхий хоёр давхраас бүрдэх бөгөөд доторх эд хогшил, тоног төхөөрөмжүүдийг НҮБ-ын Хүн амын сангаас хангах аж.

Дашрамд хэлэхэд, 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухай хуульд хүн амын тоо, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг харгалзаж орон нутгийн төсвийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр байгуулж, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахаар заасан юм.


Ө.Нурболат


Холбоотой мэдээ