Д.Амаржаргал:Өөрөөсөө 20 мянган төгрөг харамлаад л өвчнөө хүндрүүлчихдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-18 11:51:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн ЗДТГ-аас санаачилж хэрэгжүүлж байгаа “Эрүүл Эрдэнэт хүн” аян хэрэгжээд 10 сар болж байна. Аяны хүрээнд Орхон аймагт зонхилж буй уушги, элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар болон БЗХӨ-нийг бууруулах эрт илрүүлэг, оношилгоо хийж буй. Элэгний өвчлөл болон В вирусын тархалтын талаар “Медипас” эмнэлгийн эмч Д. Амаржаргалаас зарим зүйлийг тодруулав.

- Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан 8000 гаруй залуусын 14.1 хувь В вирустэй гарчээ. Энэ тоо их өндөр санагпдаа?

  -Хүний элгийг өвчлүүлдэг 10-аад төрлийн  вирус байдаг. Үүнээс А, В, С, Е, Д  вирус нь түгээмэл бөгөөд  Монголд В, С, Д вирус элбэг тохиолдож байна. Ялангуяа В вирусын халдвар хөдөлмөрийн насны залууст их байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Бид “Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд 35-аас дээш насны залуучуудаас В вирусын шинжилгээ авахад  1065 хүн  вирустэй хэмээн оношлогдсон.

 Гэвч эдгээр залуусын цөөн хэд нь вирусээ тоолуулаад алга болчихсон. Уг нь эмчилгээ хийлгэх ёстой. 10 хүрэхгүй хүн миний хянаналтад байна. 100 гаруй хүн  зөвлөгөө авсан. Энэ бол хангалтгүй тоо. Элэгний В вирус нь ямар ч зовуургүй байж байгаад л хүндэрч элгийг хатууруулж, хорт хавдарт хүргэдэг. Өвчин нь хүндэрч цусаар бөөлжих, хэвтэж, явж ч чадахаа байсан хүмүүсийг хараад үнэхээр өр эмтэрдэг. Дөнгөж оношлогдсон үед нь мэргэжлийн эмчийн хяналтад орж, эмчилгээгээ хийлгэсэн бол ингэж зовохгүй байсан даа хэмээн боддог.

-Эмчилгээнд хамрагдахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ? 

  -Эрүүл мэнддээ анхаарал тавихгүй байгаатай холбоотой болов уу.  Өвдсөн ч гүрийгээд өвчин намдаах эмээр аргацаагаад явдаг байх. Өвчин нь хүндэрсэн хүмүүсээс хэзээ вирусээ тоолуулсан бэ,  эмчилгээ хийлгэсэн үү? гэж асуухад хоёроос гурван жилийн өмнө тоолуулсан гэдэг.  Өвдөж зовиурлахгүй болохоор нь тоодоггүй,  эм ууж байгаад больсон гэх мэтээр хариулдаг.

Гэтэл вирусын эсрэг эмчилгээ нь мэргэжлийн эмчийн хяналтад байж хэзээ, хэдэн сар ямар эм уух, ямар хоолны дэглэм барих, хэзээ эм уухаа болих, ямар нэг зовиур илэрвэл хэрхэх нь 100 хувь эмчийн шийдэх ёстой асуудал байдаг. Манайхан үүнийг мэддэг ч бас л тоодоггүй.  Ер нь 20 мянга төгрөгөөр үзүүлээд л хяналтад ороход цаашдын эмчилгээг бид үнэгүй зааварлаад л явна. Уух эмийн хувьд нэг сарын хэрэглээ нь нийлээд найман мянга, 32 мянга, 35 мянган төгрөгийн  үнэтэй.  Эмүүд бүгд  эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог. Гэтэл  хүмүүс өөрөөсөө 20 мянган төгрөг харамлаад байх нь бий. 

-В вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдэд багаас нь вакцин хийдэг. Гэхдээ  дархлаа хэр тогтож байгааг бас судлах хэрэгтэй байх?

- Өнгөрсөн онд Орхон аймгийн 0-16 насны 200 гаруй хүүхдийн дунд В вирусын дархлаа ямар байгааг судалсан. Судалгааны дүн маш муу гарсан. Хүүхдүүд тавт вакциныг /В вирусын эсрэг/ дөрвөн сартайдаа хийлгэдэг. Үүнийг хийлгэсэн хүүхэд В вирусын эсрэг маш өндөр дархлаатай байх ёстой. Гэтэл тийм биш байсан.

Тав хүртэлх насны хүүхэд арай гайгүй. Харин таваас дээш насны хүүхдүүд дархлаа маш муу тогтсон байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартын дагуу В вирусын эсрэг вакцин хийлгэхэд 15 жил дархлаа тогтдог. Гэтэл манай хүүхдүүдэд тийм дархлаа тогтоогүй байсан. Тиймээс хүүхдүүдийн эргэн тойронд В вирустэй хүн их байна гэсэн үг.

-Тэгвэл уг асуудалд  орон нутгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбар хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

- Манай эмнэлэг, Эрүүл мэндийн газар хамтран ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр В вирустэй ээжээс төрж байгаа 300-н нярайд товлолын вакцины хажуугаар нэмэлтээр иммуноглобулин вакцин үнэ төлбөргүй хийгдэж эхэлсэн. Одоогоор 100 гаруй нярайд хийгээд байна. Ер нь цаашид  эрүүл мэндийн боловсролыг бага наснаас  олгох хэрэгтэй.  Юуны түрүүнд В вирус илэрсэн залуус эмчилгээгээ цаг алдалгүй хийлгэх, эмчийн хяналтад орох хэрэгтэй. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ