Олон улсын гэрэл зурагчид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-16 11:27:25
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн зөвлөл, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран Монгол Улсыг  сурталчлах зорилготой “Өнөөдрийн Монгол” сэдэвт төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд манай улсад айлчилсан олон улсын гэрэл зурагчид Орхон аймагт ирж “ Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай танилцлаа.

Японы мэдээллийн агентлагийн К.Такаши, мөн улсын “Кодо нюьс”-ийн Н.Хатта, ОХУ-ын ТАСС агентлагийн С.Бобылёв, “Спутник” агентлагийн В.Астапкович, “Риа Новости”-гийн Ю.А.Гармеев, ОХУ-ын Буриад Улсын нэрт гэрэл зурагчин  Цыбик Ивановна, БНХАУ-ын CCTV агентлагийн Төмөрголт, “Синьхуа” агентлагийн Асхан, Бай  Хиегү  нарын гэрэл зурагчид Эрдэнэт үйлдвэрийн ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн техник технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга, гэрэл зурагчин Ц.Батбаатар, “Манай улсаас Л.Ганзориг, В.Баттулга, Б.Чадраабал, С.Бадамханд нарын гэрэл зурагчид ажлын багт оролцож байна.

Гадаад, дотоодын гэрэл зурагчид долоо хоногийн хугацаанд манай оронд байж УИХ-ын гишүүд, иргэд, олон нийттэй уулзаж, Төв, Дархан-Уул, Орхон аймагт зочилж малчин айлаар бууж, гэрэл зураг авч орчин үеийн Монгол орны түүх соёл, унаган байгаль, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүмүүсийн аж амьдралын тухай олон сайхан бүтээл  туурвиж, өөр өөрсдийн сувгаар дэлхий дахинд түгээх зорилготой” гэв.

Энэ үеэр ОХУ-ын Буриад Улсын нэрт гэрэл зурагчин Целовальникова Светлана-Цыбик Иваноновагаас сэтгэгдлийг сонсоход, “Монгол оронд дахин ирж Эрдэнэт үйлдвэрт зочилсондоо баяртай байна. Энд миний олон сайхан найз нөхөд бий. Тэдэнтэйгээ дахин уулзаж, нэгэн зорилгын төлөө хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэв.

Тэрээр угсаатан судлалын чиглэлээр алдаршсан гэрэл зурагчин аж. Олон улсын гэрэл зурагчдын “Өнөөдрийн Монгол” төслийнхөн мөн "Эрдмин" компани, "Эрдэнэт" хивсний үйлдвэртэй танилцаад суурын газруудын өнөөгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ололт амжилтыг дуран авиандаа буулгахаар Дархан-уул аймаг руу хүлгийн жолоо заллаа.

  Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ