Нөхөн сэргээх, эмчилгээний тоног төхөөрөмж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-16 15:05:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Нийгмийн бодлогын хорооны гишүүд  Орхон аймгийн Итгэлийн мод ТББ-ын дэргэдэх “Сорхугтани” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Тус төвд  0-6 насны тусгай хэрэгцээт хүүхдүүд хамрагддаг юм. Тодруулбал тархи болон  тулгуур эрхтний саажилт, түнхний мултрал, хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой  хүүхдүүд  сэргээн засал, бариа хийлгэдэг.  “Сорхугтани” төвд хамрагдаж буй 10 гаруй хүүхдүүдийг өглөө найман цагаас гэрээс нь очиж аваад орой 17.30 минутад хүргэж өгдөг ажээ. Тус төвд эмчилгээний тоног, төхөөрөмж нэн шаардлагатай байсан тул “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-д хандсан байна.

Үүний дагуу өнгөрсөн зургадугаар сард тус компани Монголын уул уурхайн салбарын компаниудын дунд “Уурхайчдын хандивын гольфийн тэмцээн”  зохион байгуулж 41 сая төгрөг цуглуулан түүгээрээ “Сорхугтани” төвд  нөхөн сэргээх, бялдаржуулах,  хөгжүүлэхэд шаардлагатай 40 гаруй  тоног төхөөрөмж,  тавилга хэрэгсэл өгчээ. Иймд дээрх төвийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалт хэр байгаатай танилцахаар Нийгмийн бодлогын хорооны гишүүд нь ирсэн нь энэ ажээ.


Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ