Орхон аймаг 2020 онд цэцэрлэгт хүрээлэнтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-16 14:40:40
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 23 га талбайд цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөж байна. Уг хүрээлэнгийн зураг төсөл болон санхүүгийн төсвийг  урьдчилсан байдлаар гаргажээ.

Аймгийн  ерөнхий төлөвлөлтийн хүрээнд ногоон байгууламж, амралт, чөлөөт цагийн талбайг нэмэгдүүлж аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд уг хүрээлэнг барих аж.

Бүтээн байгуулалтын ажил энэ сард эхэлсэн бөгөөд нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулна. Үүний нэг тэрбум төгрөгийг орон нутгийн, үлдсэн 1.6 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төсвөөс гаргахаар болжээ.Тус хүрээлэн спорт, соёл урлаг, үйлчилгээ гэсэн гурван хэсэгтэй. Спортын хэсэгт сагс, хөл бөмбөг, гар бөмбөг, байт харваа, дугуйн зам зэрэг байх бол соёл, урлагийн хэсэгт задгай театрыг байгуулах аж. Цэцэрлэгт хүрээлэнг Орхон аймгийн ЗДТГ-аас санаачилж хэрэгжүүлж байгаа бөгөөд  2020 онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөжээ .

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ