Нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжих, хаваржих боломжтой гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-10-20 11:12:05

Архангай /МОНЦАМЭ/Архангай аймгийн 19 сумын 101 багийн 3.7 сая га бэлчээрт 17.2 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.6 сая орчим толгой малыг өвөлжүүлж хаваржуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн 60 орчим хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 30 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 10 орчим хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай. Бэлчээрийн даацын зургаас харахад нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж мэргэжлийн байгууллага үзэж байна.

Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муутай байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулжээ.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Батцэнгэл, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат сумын нийт нутаг, багийн дүнгээр  авч үзвэл Тариат сумын Тэрх, Цагааннуур, Хорго, Сөрт багууд, Чулуут сумын Халуун ус, Зуун мод багууд,   Булган сумын Тамир,  Зуун мод   багууд, Жаргалант сумын Эрдэнэ уул баг,  Ихтамир сумын  Эрдэнэтолгой, Хан өндөр, Борт, Бугат багууд,  Цэнхэр сумын Буйлан, Цэцэрлэг багууд, Хотонт сумын Бургалдай, Чандмань багууд, Цэцэрлэг сумын Хужирт, Туулант багуудын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгаа юм.

2017 оны фото мониторингийн аргаар бэлчээрийн төлөв байдалд  375 цэгт судалгаа хийсний 20 хувь нь (75 цэг)  доройтсон, 68.5 хувь нь (257 цэг) өөрчлөгдөж байгаа, 11,4 хувь нь (43 цэг) хэвийн гэсэн дүн гарч байна. Мөн бэлчээрийн даац аймгийн хэмжээнд дунджаар хоёроос гурав дахин хэтэрсэн гэсэн мэдээлэл гарчээ.


Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ