Дэлхийн хүнсний өдрийг "Өлсгөлөнгүй дэлхий-2030" уриан дор тэмдэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн нийтээр 2030 он гэхэд өлсгөлөнг зогсоох НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд жил бүр тэмдэглэдэг “Дэлхийн хүнсний өдөр”-ийг энэ жил “Бидний үйлдэл, бидний ирээдүй: Өлсгөлөнгүй дэлхий-2030” уриан дор тэмдэглэж байна.
Энэ өдрийн нээлтийн
арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир сэтгүүлчдэд өгсөн
ярилцлагадаа, “Монгол Улс уудам газар нутаг, 80 гаруй сая малтай ч гуравхан сая
хүн амтай ард түмэн өнөөдөр өлсгөлөн, ядуурал их байгаа нь туйлын
харамсалтай. Үүнд бид төрийн бодлогоо зөв байгаа эсэхэд анхаарах ёстой.
Хүнсний аюулгүй байдал гэдэг нь үндэсний аюулгүй байдал юм. Хүн бүр орлогтой байх юм бол сайн чанарын хүнсээ худалдаж авч чадна. Уг нь манай хүнсний үйлдвэрүүд дэлхийн
хэмжээнд үйлдвэрлэл явуулж байгаа ч ажилгүйдэл, ядуурал оршиж байгаа
тохиолдолд өлсгөлөнгийн асуудал ч дагаад бий болдог. Манай улсын хувьд ажилгүйчүүд нэлээд хувийг эзэлж байхад гадны улсаас ажиллах хүч авдаг. Монголын төр
сүүлийн 30 жил явуулсан бодлогодоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэж чадвал хүнсний
хомсдол, өлсгөлөнгийн асуудал шийдэгдэнэ” гэв.
Энэ үеэр өчигдөр
болсон “Хүнсний аюулгүй байдал, хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хурлын
шилдэг илтгэгч болон үлгэр жишээ фермер, давс багатай бүтээгдэхүүн
хэрэгжүүлэгч хэрэглэгч, үйлдвэрлэгчдийг шалгарууллаа. Үүнд давс багатай
хоол, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн “Эрчим”
зоогийн газар, “Мах маркет” ХХК шалгарсан бол давс бага
бүтээгдэхүүн арга хэмжээг хэрэгжүүлэгчээр СХД-ийн 112 дугаар цэцэрлэг тус тус шалгарав.
Тогтвортой
хөгжлийн бодлогын хоёр дахь зорилтод 2030 он гэхэд өлсгөлөнгүй хэмээн тодорхойлсон байдаг боловч өнгөрсөн оны байдлаар дэлхийд 820 сая гаруй хүн
өлсгөлөнд нэрвэгджээ. Үүнийг 2016 онтой харьцуулахад 16 сая гаруй хүнээр
нэмэгдсэн тоо баримт аж.
Мөн “Дэлхийн
хүнсний өдөр”-ийн арга хэмжээг өргөжүүлэх зорилгоор өнөөдөр Сүхбаатрын талбайд
хүнсний амталгаат үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, эрүүл хүнс, зөв
хооллолтын талаар мэдээлэл өгч байна.
Г.Өлзийхутаг