Э.Одбаяр: Далайд гарцгүй орнуудын зах зээлийн гарц нь эдийн засгийг төрөлжүүлэх явдал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-16 13:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй орнуудын гол хүндрэл нь худалдааны салбарт оршиж байдаг. Энэ асуудлыг тодорхойлвол түүхий эд-худалдаа-үйлдвэрлэл гэж томьёолж болох талаар өнөөдөр НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар болсон “Азийн далайд гарцгүй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт ба экспортын төрөлжүүлэлтийг дэмжих нь” сэдэвт бүс нутгийн семинар дээр хөндөж байна.

Семинарыг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нээж хэлэхдээ, юуны өмнө энэхүү арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвд талархал илэрхийлье. Далайд гарцгүй хөгжиж буй Казахстан, Киргиз, Узбекстан, Лаос, Бутан зэрэг Азийн 6 улсын нэгний хувьд Монгол Улсын төлөөллийг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн зөвлөлийн гишүүнээр оролцуулж буйд баяртай байна. Далайд гарцгүй орнуудын асуудлаар 2014 онд тусгасан НҮБ-ын хоёрдугаар Бага хурлаар баталсан 2014-2024 онд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд, хөгжлийн түнш орнууд, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны биелэлтийг хангах хэрэгжилтэд Монгол Улс чухал ач холбогдол өгсөөр ирснийг тодотгож, дээрх хөтөлбөрийн 5 дугаар зорилтод “Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт буюу Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын эдийн засаг, экспортыг төрөлжүүлэх” талаар тусгасныг онцолж байв. Тэрээр, “ДГХБО-нуудын эдийн засгийн өсөлтийн гол түлхүүр нь ажлын байрыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэлийг төрөлжүүлж хөгжүүлэх явдал бөгөөд үүнд тухайн орон ядуурлыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг хангах зорилт чухал юм” гэж байв.


ДГХБО-нуудад гарч буй түүхий эдийн зах зээлээс хамраалтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарцын талаар туршлага, саналаа солилцон хэлэлцэж буй өнөөдрийн семинар дээр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвөөс Зүүн Азийн далайд гарцгүй орнуудад эдийн засгийн төрөлжилт хэрхэн явагдаж буй талаар хамтран хийсэн судалгааг танилцуулсан юм. Энэ талаар тус судалгааны төвийн гүйцэтгэх захирал Э.Одбаяраас тодруулбал,

“Монгол, Казахстан, Киргиз, Узбекстан, Лаос, Бутан зэрэг Азийн далайд гарцгүй, хөгжиж буй 6 улсын хувьд барьж буй бодлого, хөгжиж буй нөхцөл байдал өөр боловч уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаарал бүхий хараат эдийн засагтай байгаагаар адил “зовлон” бэрхшээл, хүндрэлийг амсаж байна. Үүнээс гарах нэг гарц арга зам нь эдийн засгийг төрөлжүүлэх явдал бөгөөд энэ талаар манай улсад эдийн засгийг солонгоруулах талаар олон жил улстөрийн түвшинд ярьж бодлогын баримт бичиг гаргаж ирсэн боловч бидний алдаа нь үүнээс хэтрээгүй, хүний нөөц , боловсон хүчин, ажиллах хүчний талаар хөндөөгүйд оршиж байв. Эдийн засгийн төрөлжүүлэх талаар хууль эрхзүй батлан гаргах нь энэ ажлын хэрэгжилтийн ердөө 35 хувийг л хангаж байгаа юм. Харин баримт бичиг, эрхзүйгээ гаргаж баталчихаад хувийн хэвшил гэх мэтээр бүх оролцогч талд хүргэхгүй бол амжилтад хүрдэггүй гэдэг нь судалгаагаар нотлогдсон” гэв.  Нэн буурай ДГХБО-нуудын Тусгай хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга Поль Акивуми хэлэхдээ, “Далайд гарцгүй орнууд эдийн засгаа төрөлжүүлэхээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын сан байгуулах, дотооддоо өөрийн үйлдвэрлэлд тулгуурлаж байж уул уурхайгаас хамааралтай байдлаас гарна. Үүнийг л эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гээд байгаа юм. Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд дотоодын чадварлаг боловсон хүчнийг сайтар бэлтгэх, дэд бүтцээ сайн хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэртэй байх гэсэн 3 нөхцлийг бүрдүүлэх учиртай. Эдгээрийг хангасан байхад эдийн засгийн өөрчлөлтийг хийж болно. Монголд дээрх байдлыг сайн хөгжүүлж байна” гэв.


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ