Хамт олон, найз нөхдөөрөө боулингийн тэмцээнд орж саятан болоорой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-16 13:15:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэлийн боулингийн аварга шалгаруулах “City Cup-2018” багийн төрлийн нээлттэй энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болно.

Энэ удаагийн тэмцээн нь тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулдаг Монголын боулинг сонирхогчдын холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой.

“City Cup-2018” тэмцээн 10 сая төгрөгийн шагналын сантай, аварга баг 5 сая, мөнгөн медальт баг 2,5 сая, хүрэл медальт баг 1,5 сая төгрөг тус тус хүртэнэ. Мөн шилдэг тоглогч буюу өндөр онооны эздийг тус бүр 500 мянган төгрөг хүлээж байна. Урьд өмнө байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагаа дээдлэгч уул уурхайн “STEPPE GOLD” компани (“Cтепп Гоулд” ХХК) ажиллаж байна.

Тэмцээнд хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө 5 хүний бүрэлдэхүүнтэй орох боломж боулинг сонирхогчдод нээлттэй бөгөөд багийн гишүүдийн 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй байх юм.

Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг “City Cup” тэмцээн нь хамгийн олон баг оролцдог, өрсөлдөөн ихтэй, онц сонирхолтой гэдгээрээ алдартай бөгөөд хоёр өдөр үргэлжилдэг. Мөн тус тэмцээнийг уламжлал ёсоор НЗДТ-ын газар хамтран зохион байгуулна.

Холбоотой мэдээ