Аж ахуйн нэгжүүд ЖДҮДС-гаас 3.8 их наяд төгрөгийн санхүүжилт хүсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-16 14:05:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ж.Ганбаатар гишүүний өргөн мэдүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын нийт ажлын байрны 60 хувийг бүрдүүлдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг татварын болон бусад бодлогоор дэмжих, хөгжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах ААН-ийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгох, татварын байгууллагад санхүүгийн тайланг жилд нэг удаа өгдөг байх заалт тусгажээ. Мөн бичил, жижиг болон дунд үйлдвэрлэл эрхлэгчийг тодорхойлох, ангилах зохицуулалтыг нарийн тусгажээ. Тухайлбал, жилд 250 сая төгрөгийн орлоготой, 9 хүртэл ажилтантай байгууллаггыг бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хэмээн үзэх юм. Харин 10-50 ажилтантай, жилд 251-500 сая төгрөгийн ашигтай байгууллагыг жижиг, 51-200 хүртэл ажилтантай жилд 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн орлоготой ААН-ийг  дунд үйлдвэрлэл, үйчилгээ эрхлэгч хэмээн үзэхээр хуулийн төсөлд тусгасан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан (ЖДҮДС) аж ахуйн нэгжүүдэд хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосныг тодруулж байлаа. ЖДҮДС-д 2009-2017 оны хооронд аж ахуйн нэгжүүдээс 3 их наяд 850,5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн өргөдөл ирүүлжээ. ЖДҮДС-гаас ААН-үүдийн хүсэлтийг нягтлан үзээд, 835 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Ингэснээр 40.6 мянган ажлын байр шинээр бий болсныг ажлын хэсгээс хариуллаа.

Түүнчлэн С.Чинзориг гишүүн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийг арилжааны банкаар дамжуулдаг болох хэрэгтэй гэсэн санал хэлэв. Хуулийн төсөлд 500 сая төгрөгөөс дээш хэмжээний зээлийг арилжааны банкаар дамжуулахаар тусгасныг Ж.Ганбаатар гишүүн хэлээд, “500 саяас бага дүнтэй зээл авч байгаа аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкинд барьцаалах хөрөнгө байдаггүй” хэмээн тайлбарлав.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон бусад байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 20 гаруй саналаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ