Нийслэлд бүртгэлгүй ирж суурьшсан иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-10-16 14:18:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас ”Монгол Улсын дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож зохицуулах нь” төслийн хүрээнд Монголд анх удаа хийсэн улсын дотоодын шилжих хөдөлгөөний судалгааны дүнгээр шилжигсдийн олонх нь Улаанбаатар хотод төвлөрдгөөс, хотжилт эрчимтэй явагдаж хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байна гэсэн дүгнэлт гарчээ.

НЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлагаас дэмжин жил орчмын хугацаанд хийсэн “Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа”, “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-ны тайлангийн хурал ГХЯ-нд боллоо. 1989 онд хүн амын дөрөвний нэг хувь нь (26.8%) оршин сууж байсан нийслэлд өдгөө нийт хүн амын бараг тал хувь буюу (47%) нь оршин сууж байна. Өнгөрсөн оны 1 сарын 1-ээс Нийслэлээс иргэдийн шилжих хөдөлгөөнд хориг тавьснаар бүртгэлтэй шилжин ирэгсдийн тоо багасч бүртгэлгүй суурьшигсад нэмэгджээ. Судалгаанд оролцсон 4.000 орчим хүний мэдээллээс харахад шилжин суугчийн олонх нь ажилд орох, амьдралаа сайжруулах, боловсрол эзэмших, эрүүл мэндийн чанартай олон төрлийн үйлчилгээ авах зорилготой шилжин ирдэг байна. Мөн судалгаанаас харахад Улаанбаатар хотод шилжин ирээд захын хороололд амьдарч буй иргэд хотын хүн амын 60 гаруй хувийг эзэлж байгаа ч хот хөгжүүлэх төлөвлөлтөд тэдний амьдрах орон зай, орчин нөхцөл зэрэг асуудлыг зохистой тусгаж чадаагүй гэж дүгнэжээ.

Мөн хотод шилжин суурьшсан иргэд ямар бэрхшээлтэй тулгардаг талаар “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа” нэртэй чанарын судалгааг явуулсан байна. Судалгаагаар хамгийн их тулгардаг бэрхшээл нь шилжин ирэгсэд бүртгэлийн асуудлаас болж ажилд орж чадахгүйгээс гадна зохих мэдлэг боловсрол эзэмших боломжгүйн улмаас хөдөлмөр эрхлэх боломж нь хязгаарлагдмал. Мөн зарим ажил олгогчид хотод шилжин ирэгсдийн хөдөлмөрийг зохион байгуулалттай мөлжих туршилтын хугацаа нэрийдлээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, нийгмийн даатгал шимтгэлийг нь төлдөггүй зэрэг хохироох явдал цөөнгүй гардаг байна. 

НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд: “Энэ судалгаа нь бидний цаашид авч хэрэгжүүлэх үндэсний болоод орон нутгийн хөгжлийн бодлого, урт, богино хугацаанд авах арга хэмжээ, шийдлүүдийг гаргахад чухал  суурь мэдээлэл болж буйгаараа онцлог юм. Энэхүү судалгаагаар “Шилжин ирэгсдийн олонх нь нийслэлд ирээд амьдрал нь сайжирсан гэж хариулсан хэдий ч хотод ямар хүндрэлүүд байдгийг тодорхой гаргасан байна. Тиймээс хотын хүн ам хөгжлийн бодлогоо нотолгоонд суурилуулан гаргаж хотынхоо оршин суугчдын хэрэгцээг хангаж ажиллахад тус хоёр судалгаа маш их ач холбогдолтой юм” хэмээлээ.

О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ