Өлгий хотын 600 гаруй өрх газраа өмчилж чадахгүй нөхцөл байдал үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-16 14:36:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын Ховд голын эрэг дагуу байрласан 600 гаруй өрх газраа өмчилж авч чадахгүй байдалд хүрчээ. Энэ асуудлаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатаас зарим зүйлийг тодрууллаа.

Өлгий сумын Ховд голын эрэг дагуу оршин суудаг зарим иргэд газраа өмчилж чадахгүй байгаа талаар гомдол гарчээ. Яагаад ийм байдалд хүрэв?

- Ховд гол нь манай аймгийн долоон сумыг дайран урсдаг. Аймгийн төвийн голын эрэг дагуй 600 гаруй айл өрх бий. Зарим нь1940 онд аймаг анх байгуулагдсан цагаас хойш суурьшиж байгаа. Харин Усны тухай хуульд голын эргээс 50-200 метрийн дотор айл өрхөд ямар нэгэн байдлаар газар өмчлүүлж болохгүй заасан. Тийм учраас дээрх айлууд газраа өмчлөх бус зөвхөн эзэмшиж байна.

  Бусад суманд ийм асуудал гарч байна уу?

- Гол дагасан бүх сумдад асуудал тулгарч байгаа.

-  Асуудлыг шийдэх  гарц байна уу?

- Өөр байршилд газар олгох, дахин нүүлгэхэд шаардагдах төлбөрийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Саяхан манай аймагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүмүүс ирж ажиллахдаа энэ асуудлаар ярилцсан. Гэвч өмнө нь буусан айл өрхүүдэд нөхөн төлбөр олгох боломж одоогоор байхгүй гэсэн. Харин бид нэмж газар олгохгүй байгаа. Өөр газарт шилжин суурьших хүсэлт гаргасан зарим иргэнд шинээр газар олгосон.

Мөн өнгөрсөн долоо хоногт аймгийн ИТХ-аас Өлгий хотод байгаа хуучин орон сууцнуудыг буулгаж, төсөл сонгон шалгаруулах журмаар шинийг барих шийдвэр гаргасан. Тухайн орон сууцнууд нь бүгд хоёр давхар, чулуугаар босгосон барилга. Тэдний оронд дөрвөөс таван давхар орон сууц барих замаар голын эрэг дээр байгаа айл өрхүүдийн асуудлыг шийдэх бас нэг гарц байж болох юм.      

- Айлуудын газрын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардлын тооцоог гаргасан уу?

- Хараахан үнэлгээ хийгээгүй. Нөгөө талаар иргэдэд голын эргээс нүүх шаардлага тавьж чадахгүй байгаа.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ