Албан үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-16 14:33:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдийн автомашинд чирэгдэж дайруулсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч таалал төгслөө.

Хэргийг тодруулбал, өчигдөр өдрийн 11.30 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, тээврийн хэрэгслээр дайрч зугтсан хоёр этгээдийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан оройн 23 цагт "Майхан толгой" орчмоос баривчилсан.

Халдлагад өртсөн албан хаагч тархины суурь яс гэмтсэний улмаас ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар өнөөдөр өдрийн 14 цагийн орчим нас барав.

Хэргийг үйлдсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасны дагуу "Ажил үүрэгтэй нь холбогдуулан хүнийг алахыг завдсан"  үндэслэлээр хэрэг үүсгэн  шалгаж байна.

Талийгаач нь 41 настай 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хамгийн бага хүүхэд нь 1 ойтой аж. Цагдаагийн байгууллагад 24 жил ажилласан тэрбээр тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж амиа алдлаа.

Холбоотой мэдээ