Панмүнжомын Хамтын аюулгүй байдлын бүсийн асуудлаархи гурван талт хэлэлцээ эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-16 14:01:12

СӨҮЛ. /ТАСС/. БНСУ, БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид өнөөдөр Панмүнжом дахь Хамтын аюулгүй байдлын бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах асуудлаар гурван талын зөвлөлдөөн хийж эхэллээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам мэдээлсэн байна.


Мэдээлэлд дурдсанаар, яриа хэлэлцээ орон нутгийн цагаар 10:00 цагт эхэлжээ. Хоёр Солонгосын хил дээрх Панмүнжомын Хамтын аюулгүй байдлын бүс нь НҮБ-ын командлалын хяналтанд байдаг бөгөөд уг командлалыг үндсэндээ Америкийн цэргийнхэн бүрдүүлдэг байна.


Хоёр Солонгосын удирдагчид болох Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар уг бүсийг цэрэггүй бүс болгох талаар тохиролцсон бөгөөд энэ тухай холбогдох баримт бичигт хоёр орны Батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зуржээ.


Өнөөдөр эхэлсэн хэлэлцээний явцад минагүйжүүлэх, хоорондоо ойрхон орших хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаах болон эдгээр үйл ажиллагааг хянах төлөвлөгөөг хэлэлцэх аж. Хэлэлцээнд Өмнөд Солонгосын талаас хурандаа Чо Ён Гын, БНАСАУ-ыг төлөөлж хурандаа Ом Чан Нам, АНУ-ын талаас хурандаа Бурк Хамильтон нар оролцож байна.


Хамтын аюулгүй байдлын бүс нь Солонгосын дайн дууссаны дараа байгуулагджээ. Энэ бүс бол Умард болон Өмнөд Солонгосын цэргийнхэн бие биенийгээ харж болохоор ойрхон зайд байрладаг хоёр Солонгосын хил дээрх цорын ганц газар юм.


 

 

Холбоотой мэдээ