Дөргөн сумынхан дуун цацал тоглолтоо толилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-17 11:41:02

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ, сумын ЗДТГ, сумын Нутгийн зөвлөл хамтран сум орон нутгийнхаа түүх, соёлыг сурталчлах, дөрвөд угсаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дөргөн сумын соёлын өдөр” арга хэмжээг  10 дугаар сарын 15-нд аймгийн Хөгжимт Драмын театрт зохион байгууллаа.

“Дөргөн сумын соёлын өдөр”-ийн хүрээнд “Дөрвөд түмний дуун цацал” тайлан тоглолтыг зохион байгуулж, 40 гаруй уран бүтээлч оролцов. Энэ өдрөөр орон нутгийнхаа түүх, соёл, төр нийгмийн зүтгэлтнүүдийг алдаршуулах зорилго бүхий алдартнуудын фото зургийн үзэсгэлэн, сумын онцлог, зан заншил, өв соёлыг илэрхийлсэн байгалийн дурсгалт газрын бүртгэл мэдээллийн цахим сан, дөрвөд үндэсний хувцас, гар урчуудын бүтээл, цагаан идээ, нутгийн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, сумын гэр музейд 60 гаруй төрлийн үзмэрийг олон нийтэд дэлгэн үзүүлэв.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Дөргөн сумын ИТХ-ын дарга, Засаг дарга болон нутгийн иргэд оролцов. Мөн сумаа сурталчлах арга хэмжээнд санаачилгатай, амжилттай оролцсон зарим ардын авьяастнуудад аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал болон салбар байгууллагуудын шагналыг гардууллаа.

Уламжлалт ахуй, соёл, зан заншлаараа Монгол Улсын хэмжээнд өвөрмөцөд тооцогдох дөрвөд ястан хэмээх үндэсний цөөнх нь Ховд аймгийн зөвхөн Дөргөн суманд амьдардаг бөгөөд сумын нийт хүн амын 99.6 хувийг  дөрвөд ястан эзэлдэг.

Түүхэнд тэмдэглэснээр Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Завхан, Наранбулаг зэрэг сумаас тасарч сум анх үүссэн түүхтэй. Одоо тус суманд 17 овог байгаа бөгөөд ургийн бичгийг нарийн хөтөлдөг.

Дөргөн сумын давуу тал нь эсгий, эсгий бүтээгдэхүүн, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн эрхлэх үе уламжилсан дадлага туршлагаа хадгалж чадсан, ясны хөдөлмөрч чанар нь өндрөөр үнэлэгддэг явдал юм. Сумын хүн амын дунд үндэсний язгуур урлаг болох  хуур өвөрмөц хөгжмийн зэмсэг, бий биелгээ хэмээх үндэсний бүжиг ихэд дэлгэрч нийтийн хүртээл болсон байна.

Одоогоор сумын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэд зөвхөн дамжин өнгөрч буйгаас өөрөөр аялал жуулчлал хөгжөөгүй. Аймаг, сумын төвд ойр байршил бүхий Хар Ус нуур, Хар нуур, Далай нуур, усан цахилгаан станц зэрэг байгалийн үзэсгэлэнт газар нутаг, агнуурын ан амьтан, нутгийн өвөрмөц соёл, язгуур урлагт түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой юм.

                                                                                                                                                     А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ