”Үндэсний үйлдвэрлэлийг экспортод” үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-16 18:58:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн"-ий үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэн зангидах зорилгоор Засгийн газрын ХЭГХХААХҮЯ-ны санаачилгаар “Монгол экспорт-2018” нэгдсэн арга хэмжээг “Үндэсний үйлдвэрлэлийг экспортод! уриан дор зохион байгуулна. 

Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцлийг бүрдүүлэх зорилготой энэхүү үзэсгэлэн яармагыг ХААХҮЯ-наас Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд ноос, ноолуур, арьс шир, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний танилцуулга, үзэсгэлэн худалдаа болохоос гадна салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг, семинар болох аж.  


Энэ сарын 17-21-нд Мишээл экспо төвд болох энэхүү арга хэмжээг дэмжигч байгууллагаар ГХЯ, БОАЖЯ, МҮХАҮТ, АХБ, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын худалдааны төв, ТРАМ төсөл оролцож байна. 10 дугаар сарын 18-нд болох нээлтэд УИХ, Засгийн газрын төлөөлөл оролцож, "Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдгийг олгох гэрээнд гарын үсэг зурах, "OEKO TEX-100" олон улсын чанарын сертификат олгох ёслолын ажиллагаа тус тус болох юм.

 

Холбоотой мэдээ