Байнгын хороо шатахууны үнийн асуудлаар УУХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-17 08:58:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хулуь, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 09.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, шатахууны үнийн асуудлаар УУХҮ-ийн сайд, валютын ханшийн талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсох юм.

Мөн цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж,  Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээс гадна Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулна.

Харин 13.00 цагт болох Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн талаар Сангийн яамны мэдээллийг сонсох юм.

Дараагаар нь Төсвийн байнгын хороо хуралдаж, ирэх оны төсвийн төсөл, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ