Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-17 09:37:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс хүн төрөлхтөний спортын хамгийн том тэмцээн наадам болох Олимпийн наадамд 1964 оны Токиогийн олимпоос эхлэн 13 зуны олимпийн наадамд баг тамирчдаа оролцуулж олимпийн медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн түүхтэй.


Харин 1968 оны Мехикогийн олимпийн наадмаас эхлэн манай тамирчид  2 алт, 10 мөнгө, 14 хүрэл нийт 26 медалийг эх орондоо авчраад байгаа юм. Монгол тамирчид олимпийн наадмаас  анхлан  медаль хүртсэний түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монголоо алдаршуулсан олимпийн баатруудтай хийсэн ярилцлага, нийтлэлээ он дарааллаар нь толилуулж байна.


14. 1996  Атланта   Д.Нармандах


            Тамирчны амжилтын цаана эрсдэл байдгийг мартах ёсгүй


Монгол Улсын Төрийн далбааг олимпийн тэнгэрт мандуулсан энэ тамирчдын нэг Доржпаламын Нармандахтай хийсэн ярилцлагаа толилуулж байна.


-1996 онд АНУ-ын Атланта хотноо болсон зуны XXVI олимпийн наадмаас  Монголын тамирчид ганцхан медальтай ирсэн нь жүдо бөхийн 60 кг-д та хүрэл медаль хүртсэн. Энэ жил Монгол хүн олимпийн медалийг эх орондоо авч ирсэн түүхт 50 жилийн ой тохиож байна. Хагас зуун жилийн хугацаанд Монгол Улсаас ердөө 25 хүн олимпийн медаль хүртэж, хоёр олимпийн аваргатай болжээ. Та олимпийн медаль хүртсэн 14 дэх хүний хувьд сэтгэгдлээ хэлнэ үү?


-Олимпийн наадам гэдэг бол манай дэлхийн  ард түмний энх тайвнаар оршин тогтнох, улс орнуудын хөгжил цэцэглэлтийг илэрхийлсэн их наадам гэж би ойлгодог. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс л бие биенээ ойлгох, хүн бүр адилхан оюун ухаан төгс, хүч чадал, хурдан гавшгай ч тэдний дундаас хамгийн шилдэг нь хэн гэдгийг шударгаар тодруулах хамгийн том шалгуур нь олимпийн наадам хэмээн үзэж ирсэн түүхтэй. Тиймээс ч өнөөдрийг хүртэл олимпийн наадам хүн төрөхтөнг эв найрамдалтай шударга өрсөлдөх талбар нь байж улам төгс төгөлдөр болохыг зорьж хөгжсөөр байна. Олимпийн аварга, олимпийн медальтан хүн гэдэг эх орондоо төдийгүй дэлхий дахинд хүндлэгддэг эрхэм хүндтэй алдар цол юм. Ийм алдар цолыг хүртэж өндөр итгэл найдвар, хариуцлагыг хүлээсэн медальтнууд бол үндэстэн бүрийн бахархалт хүн байдаг жамтай. Монгол Улсаас төрсөн олимпийн медальтан 25 хүний нэг болсондоо үнэхээр баярлаж, бахархаж  явдаг. Энэ амжилтанд хүрэхэд манай жүдогийн багш дасгалжуулагчид, баг хамт олон, найз нөхөд, гэр бүл гээд монголын ард түмний минь хайр халамж, тус дэмийн хүч, ид шид гэж гэж би боддог. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг олимпийн наадам нь улс орнууд ард түмнийхээ эрүүл саруул бие бялдар, тэсвэр хатуужил, хурдан гавшгай, оюунлаг байдлыг болон улс орныхоо эдийн засаг ямар түвшинд байгаа зэрэг үзүүлэлтүүдэд дүгнэлт өгдөг гэж ойлгодог. Манай нийт тамирчид олимпийн наадамд оролцсон 54 жилийн түүхэндээ эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж байгаа том гавьяатай хүмүүс. Дэлхийн улс орнуудын ямар ч тамирчин эн тэнцүү гараанаас нэг л дүрмээр шударгаар өрсөлдөж аваргаа шалгаруулдаг. Энэ бол зөвхөн олимп бөгөөд хамгийн шударга үйл хэрэг юм даа. Харин монголчууд энэ шударга өрсөлдөөнд чамгүй амжилт үзүүлсээр байгааг бахархахаас аргагүй юм. Монголчуудын онцлог давуу талыг харахад ирээдүйд ч олон арван олимпийн медальтнуудаа тосон авах бизээ. Үүнд би бүрэн итгэлтэй байна.


-“Атланта-1996” олимпийн наадамд оролцсон тамирчдаас  таниас өөр медаль авах боломж байсан болов уу?


-Өө байлгүй яахав. Манайх чинь буудлага, жүдо, бокс, чөлөөт бөхийн төрөлд их найдлага тавьж байсан. Боксын спортоор Т.Үйтүмэн баараггүй медаль авахаар байлаа. Мөн чөлөөт бөхөөр Б.Гантогтох, Ц.Цогтбаяр нар медаль авахад хэн ч гайхахааргүй олон сайн тамирчид Атлантад хүч үзсэн юм. Харин тухайн үед нэг л болж өгөөгүй, үл ялих шалтгаан, хүчин зүйлээс л медальд хүрэх боломжоо алдсан гэж боддог. Тэр үеийн шүүгч нарын буруу шүүлт, луйварт манай тамирчид нэлээдгүй өртөж хожигдсон тохиолдол ч бий. Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан болохоор улс орны эдийн засгийн байдал ч их нөлөөлсөн байх.



-Анхны багш тань ямар хүн байв?


-Би дөрөвдүгээр ангид байхдаа "Хангарьд" клубын дасгалжуулагч, ХХ зууны манлай дасгалжуулагч Ш.Бат-Орших багштайгаа танилцаж анхных нь шавь нарын нэг болж байлаа. Манай гэр Эрдэнэтийн төвөөс 10 гаруй км зайтай Говил гэдэг тосгонд байдаг байлаа. Гэрээсээ гараад л хотын төвд байгаа жүдо бөхийн секцэндээ гүйгээд л очно. Би дугаар ангиа төгстөл багшийнхаа удирдлага дор хичээллэж байгаад сургуулиа төгсөөд шигшээ багт орсон. Манай клубээс олон сайн бөх төрсөн. ОУХМ У.Эрдэнэбаатар, ОУХМ, Ж.Нямдорж, Д.Нямхүү, Д.Ариун-Эрдэнэ гээд Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан олон жүдоч бий.


-Та хэдэн онд шигшээ багийн тамирчин болж байв?


-Би анх 1993 онд Эрдэнэт хотоос ирж үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Тэр үед Энэтхэгт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай жүдочдоос би 60 кг-д, П.Нямлхагва 65 кг-д ,  Х.Болдбаатар 71 кг-д 1996 оны Атлантын олимпийн наадамд хүч үзэх эрх авсан юм. Тэгээд биднийг дасгалжуулагч багшаар Монгол Улсын гавьяат тамирчин О.Балжинням аварга, мөн бурхан болсон Д.Гансүх багшийн хамт АНУ-ын Атланта хотыг зорьж байлаа.


-Олимпийн дэвжээнд эхний тойрогт ямар бөхтэй таарсан, хэдэн тойрог барилдаж олимпийн хүрэл медалийн эзэн болж байв?


-Атлантад би таван тойрог барилдсан. Эхний тойрогт Пуэрто-Рико улсын бөхийг цэвэр хожоод, хоёрдугаар тойрогтоо манай хэсгийн хамгийн хүчтэй бөх болох Английн тамирчныг ялаад, гуравдугаар тойрогтоо Узбекистаны тамирчныг цэвэр хожоод, мөнгөн медалийн төлөө Японы алдарт бөх Намурад хожигдож, хүрэл медалийн төлөөх барилдаанд Беларусийн тамирчныг хожиж Атлантын олимпийн хүрэл. Энэ олимпийн дэвжээнээс манай жүдочдын хэн нь ч медаль авах шаанс, боломжтой байсан. Харин П.Нямлхагва, Х.Болдбаатар хоёрын хувьд шүүгчдийн буруутай үйл ажиллагаанаас болж медаль авч чадаагүй. Бид олимпийн өмнө оролцсон тэмцээн бүрээс л медальтай ирдэг дэлхийн хэмжээнд чансаагаар жиндээ дээгүүрт бичигдэж байлаа. Хэн нь ч олимпийн медаль авах боломжтой байлаа.




-Японы алдарт бөх Намуратай өмнө нь хэдэн удаа барилдсан, олимпийн барилдаанаа эргээд дурсвал?


-Намуратай би хоёр удаа таарсан. Олимпийн өмнөх Европын цуврал тэмцээнээр ялагдсан. Дараа нь олимпийн дэвжээнд бас л ялагдсан. Харин бид хоёр бэлтгэл дээр таарч барилдахад болохоор л санагдаад байсан. Ер нь японы жүдочдын хувьд хурд, хүч сайн, техниктэй, мэхийг даацтай хийдэг. Би олимпийн дэвжээн дээр түүнтэй барилдахдаа хөмрөх мэх хийсэн юм. Тэгээд мэх гүйцэд болж чадалгүй хариу мэхэнд орж өөрөө цэвэр хожигдсон.          


-Олимпийн наадмын нээлт хаалтын ёслолд оролцож байв уу, Тухайн үеийн олимпийн онцлог, сэтгэлд хоногшсон сонин содон зүйлээ дурсана уу?


-Би 1996 болон 2000 оны олимпийн наадамд тамирчнаар оролцсон. Харин би нэг ч удаа олимпийн наадмын нээлт хаалтын ёслолын үйл ажиллагаанд оролцож жагсаж үзээгүй. Яагаад гэвэл жүдо бөхийн тэмцээн нь олимпийн  нээлтийн ажиллагааны маргаашнаас нь эхлэдэг. Тэгэхээр жин хасаж байгаа тамирчид жингээ барих гэдэг хамгийн чухал. Юун халуун наранд зогсох, жиндээ ядралгүй орж, яаж барилдах тактикаа бодоод л өрөөндөө амраад үлддэг. Харин сүүлд Бээжингийн олимпийн наадамд багш нар, тамирчидтайгаа хамтдаа нээлтийн ёслолд жагсаж үзсэн. Олон цаг болдог нээлтийн ёслолд оролцоно гэдэг тэр халуун нар, бүгчим уур амьсгал нь үнэхээр хэцүү юм билээ. 


-Таны уугуул нутаг хааанах билээ, аав ээжийнхээ тухай яривал ямар вэ?


-Манай аавыг Жанчивын Доржпалам гэдэг. Архангай аймгийн Ихтамир сумын хүн. Ээжийг Чимэдбалдирын Чулуунцэцэг гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул. Би өөрөө бол Дарханд төрөөд хоёр, гурван сартай байхад манайх Эрдэнэтэд очоод тэндээ амьдарсан даа. 


-2008 онд олимпийн анхны аваргуудтай болоход монголчууд маш ихээр баярлацгаасан. Харин 1996 оны олимпийн наадмаас ганцхан тамирчин хүрэл медальтай ирэхэд монголчууд хэрхэн угтсан бол?


-Мэдээж надад маш сайхан байсан. Монголынхоо тамирчдаас ганцаараа медаль авсан болохоор жаахан сэтгэл дундуур байлаа. Харин тухайн үед яг одоогийнх шиг шагнаæ байсангүй. Надад хоёр сая төгрөг өгñºн. Энэ шагналынхаа 700-800 мянгыг нь багшдаа өгөөд өөрөө сая хэдэн зуун мянган төгрөгтэй Эрдэнэтэд очоод нэг цайллага хийõýä нөгөө мөнгө нь хаанаа ч хүрээгүй. Харин "Эрдэнэт" Уулын баяжуулах үйлдвэрийн дарга, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсан намайг "Уаз 469" машинаар шагнасан юм. Тэр машиныг нь зараад байр орон сууц ч үгүй байсан болохоор амьдрал ахуйдаа хэрэглээд л өнгөрсөн. Миний амжилт гаргасны нэг үндэс нь "Эрдэнэт" УБҮ-ээс их дэмжиж тусалж, өөрийн зардлаараа гадаадад тэмцээнд цөөнгүй удаа явуулж байсан нь намайг нүүр хагарч, туршлага суухад их нэмэр болсон. Манай улс 2008 оны Бээжингийн олимпийн алт, мөнгөн медальт тамирчиддаа тийм ийм юмаар шагнана гэж амлаж л байсан. Даанч тэр амалсан бүхнээ өгч чадаагүй л болов уу. Тэгэхээр хөлс хүч, бие, сэтгэлээ бүрэн зориулж, эх орныхоо нэрийг дэлхийн спортын дэвжээнд мандуулсан тамирчинд зохих тэтгэмж халамжийг насан туршид нь эдлүүлдэг бусад орны жишгийг дагах нь зүйтэй болов уу. Миний хувьд, амлаж байсан зүйлээ хүмүүс, байгууллага бас л өгөлгүй өнгөрсөнд сэтгэл дундуур л байдаг.



Гадаадынханы хувьд олимпийн медаль авсан тамирчнаа насан туршийн амьдралын баталгаагаар хангадаг. Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аварга, З.Ойдов аварга зэрэг өмнөх үеийн дэлхийд нэрээ дуурсгасан спортын алдартнууд маань ч хэлдэг. Одоо бид чинь хөл, гар нь бэртээд л үлдсэн хүмүүс гэдэг. Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёр бас л хөл, гар, нуруундаа гэмтэл бэртэл авсан. Тэгэхээр тамирчин хүн ингэж эрүүл мэндээрээ хохирох ёсгүй, тодорхой хэмжээний мөнгөн тэтгэмж олгодог л болох ёстой гэж боддог.  


-Жүдо бөхөд нэг жинд олон сайн тамирчид байгаа. Тэд нэг нэгнийгээ хурцалж улам ур чадвар нь сайжирдаг байх шүү? 


-Тэр үнэн шүү. Өнөөдөр нэг жинд эн тэнцүү ур чадвар, чадалтай олон бөх байгаа. Гэхдээ тэдний дундаас нэг нь л эх орноо төлөөлж олимпийн дэвжээнд хүч үзнэ. Тэгэхээр хэн хамгийн сайн амжилт гаргасан, бэлтгэл, ур чадвар илүү байгаа гэдгээр нь шударгаар л сонголт хийж таарна. Манай энэ шилдэг бөхчүүдийн хэн нь ч тив, дэлхий, олимпийн дэвжээнд очиход амжилтанд хүрнэ, медальтан болно гэдэгт итгэлтэй байна.


-Танд жүдо бөхөөс өөр сонирхдог зүйл, хобби байдаг биз?


-Би өөрт зав л гарах юм бол гэр бүл хүүхдүүдтэйгээ хамт цэвэр агаарт гарна шүү. Мөн чөлөөт цагаараа найз нөхөдтэйгээ билъярд тоглох дуртай. Хангарьд клубд байхаасаа үерхсэн, жүдогийн багш У.Эрдэнэбаатар, мөн Ж.Нямдорж гээд дасгалжуулагч найзуудтайгаа ажил төрлийн болон гэр бүлийн хүрээнд байнга л нөхөрлөдөг. 


 

-Манай улсад олимпийн медальтан 25 хүн байдаг. Ялангуяа тэднээс нас өндөр болоод байгаа тамирчдад төрөөс тэтгэмж олгох ёстой гэсэн санааг олон хүн дэвшүүлдэг. Энэ талаар юу хэлэх вэ?


-Бээжингийн олимпийн наадмаас өмнө Монголын олимпийн медальтнуудын холбоо байгуулагдсан. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг Барселоны олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан ах энэ санааг анх дэвшүүлж байсан. Үүнийг би дэмждэг. Манай улс тамирчдынхаа эрүүл мэндийг сайн анхаарч халамжлахгүй бол тамирчид маань бэртэл, гэмтэлтэй хүмүүс болж хоцрох нь бий. Амжилт гаргасан тамирчиддаа тухайн үед нь урамшуулж чадаагүй ч оройтоогүй байна. Улс орныхоо нэрийг дэлхийд гаргаж явсан хэдхэн ахмад тамирчдад тодорхой хэмжээний нөхөн олговор өгөх л хэрэгтэй. Биеийн тамир спортын хуулинд бэртэл гэмтэл авсан тамирчинд амьдралын баталгааг хангахуйц мөнгөн тэтгэмж олгох заалт оруулах нь зүйтэй. Энэ нь дараа дараагийн тамирчдад тустай.

Холбоотой мэдээ