“Amazon” компани дахин боловсруулах санд олон сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-10-17 10:03:50

САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. АНУ-ын цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Amazon” компани АНУ-ын дахин боловсруулах дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор “Closed Loop Fund” санд 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухайгаа мягмар гарагт олон нийтэд мэдээлжээ.


Энэ нь байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцож байгаагийн илрэл бөгөөд компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, уг хөрөнгө оруулалтаар улс даяарх 3 сая өрхийг ялган ангилах зориулалттай хогийн саваар хангах боломжтой болох бөгөөд ингэснээр зөвхөн хэрэглэгчид төдийгүй дахин боловсруулах үйлдвэрийн ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх аж.


2014 онд байгуулагдсан “Closed Loop Fund” сан ирэх 10 жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг 16 сая гаруй тонноор бууруулж, 8 сая гаруй тонн хогийг газарт булагдахаас сэргийлж, 18 сая гаруй өрхийн дахин боловсруулах үйл ажиллагааг сайжруулахаар төлөвлөж байгаа ажээ.


Дэлхийн цахим худалдааны салбарт тэргүүлэгчийн хувьд “Amazon” компани жил тутам асар олон тооны цаасан хайрцаг үйлдвэрлэдэг бөгөөд өнгөрсөн онд л гэхэд 5 сая гаруй тэрбум гаруй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэсэн байна.


Тус компани нь 2008 оноос эхлэн баглаа боодлоо дахин боловсруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 500 сая гаруй тооны цаасан хайрцаг болон 244 мянга гаруй тонн баглаа боодлын материалыг устгажээ. 

Холбоотой мэдээ