Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээг нутагт нь 4:1-ээр хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-17 11:14:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын хөлбөмбөгчид өчигдөр Лаосын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд тус улсын шигшээ багтай тоглож 4:1-ээр талбайн эздийг нутагт нь хожиж монголчуудаа баярлууллаа.


Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдрүүд/FIFA days/-ийн хүрээнд Монголын Үндэсний шигшээ баг 10 дугаар сард албан ёсны хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байсан бөгөөд эхний тоглолтоо Сингапур улсын шигшээтэй хийж 2:0-ээр ялагдал хүлээсэн билээ.



Харин энэ удаагийн Лаосын шигшээтэй хийсэн тоглолтын хувьд 23 дахь минутанд Лаосын шигшээ багийн довтлогч Бонпачан Бунгконг гоолын салхийг хагалж манай хаалганд эхний гоол оруулсан байна. Харин энэ гоолоос тавхан минутын дараа манай жигүүрийн довтлогч Ц.Мөнх-Эрдэнэ хариуг нь барьж 1:1 болж тэнцсэн.


Эхний хагаст аль алины хаалганд гоол оролгүйгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Б.Балжинням, М.Жансерик нар тоглолтын хэмнэлийг илүү хурдтай болгож санаачлагыг гартаа авч чадсанаар 73 дахь минутанд А.Нармандах Монголын шигшээ багийг энэ тоглолтод анх удаа тэргүүлэх боломжийг олгосон юм. Улмаар манай залуусын тоглолт илэрхий идэвхжиж М.Жансерик 75 дахь, Н.Наранболд 83 дахь минутанд Лаосын хаалганд тус тус гоол оруулснаар тоог 4:1 болгож баараггүй ялалтыг өөрийн багтаа авчирсан байна.


 

Монголын шигшээ баг өмнө нь Лаосын шигшээ багтай тоглож 1:1-ийн харьцаатай тэнцэж, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээж байсан юм. Тус тоглолтыг Лаос улс дахь Бүрэн эрхт Элчин сайд болон элчин сайдын яамны ажилчин алба хаагчид, Лаос улсад ажиллаж амьдарч, сурч байгаа монголчууд ирж үзэж шигшээ багаа дэмжсэн байна. 

Холбоотой мэдээ