Абэ Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-17 11:16:27
ТОКИО. /ТАСС/. Азийн орнуудын хувьд Японы милитаризмын бэлгэ тэмдэг гэж тооцогддог Ясүкүни сүмд тус улын Ерөнхий сайд Шинзо Абэ өргөл барьц илгээжээ. Энэ тухай “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.

Тэрбээр сүмийн намрын тахилга эхэлсэнтэй холбоотойгоор өргөл барьц илгээсэн аж. Шинзо Абэ Японы мөнх ногоон сакаки модны мөчрийг туузаар чимэглэсэн “масакаки” гэдэг бэлэг явуулжээ. Намрын тахилгын ёслол ойрын хэд хоногт үргэлжлэх үеэр тус улсын парламентын зарим гишүүн сүмд очиж магадгүй байна.


Японы синто шашны уг сүмд XIX зууны дунд үеэс хойш байлдааны талбарт амь үрэгдсэн бүх цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалсаар иржээ. Уг жагсаалтад цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, Токиогийн шүүх хурлаар цаазын ял авсан хүмүүсийн нэрс байдаг. Тийм учраас Ясүкүни сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрт Дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд уг үйлдлийг доромжлол гэж үзэн эсэргүүцсээр иржээ.
Холбоотой мэдээ