Чехийн автомашины үйлдвэр Монголоос ажиллах хүч авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-17 11:55:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ сарын эхээр манай улсад болсон “Экпсо Монголиа-2018” Олон улсын үзэсгэлэн-худалдааны үеэр Монгол-Чехийн бизнес уулзалт болсон талаар манай агентлаг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус уулзалтын дараа хоёр орны ААН-үүдийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Тодруулбал, БНЧУ-ын “Атакирус” компани манай улсын “OGP” группийн хооронд ХАА-н тоног төхөөрөмж нийлүүлэх талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бол мөн Чехийн “Зиматехник” компани хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Манайд Чех улсын дэмжлэгтэйгээр “Дархан нэхий” ХК-ийн тоног төхөөрөмж, технологийг шинэчилсэн төсөл өнөө хэр амжилттай хэрэгжиж байна.


Хамтын ажиллагааны талаар Чехийн “Ворренс” болон “Атакирус” компанийг төлөөлөн ирсэн Ричард Вомастик ярихдаа, “Бид нисэх онгоц, ачааны машины үйлдвэрлэл, хамгаалалтын хэрэгсэл, төрөл бүрийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн нислэгийн баг, иргэний болон байлдааны нисгэгч нарыг сургаж бэлтгэдэг. Танай улсад анх удаагаа ирж байна. Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Манай бизнес групп Монголд ирээд 3 хонож байна, Төв аймагт зочилж бизнес эрхлэгчидтэй уулзаж, “Expo Mongolia” үзэсгэлэн үзлээ. Монгол Чех хоёр улс эртнээс нягт хамтран ажиллаж, худалдааны олон төсөл хэрэгжүүлж байсан, энэ хамтын ажиллагаагаа цаашид сэргээх хэрэгтэй байна. Бид Монголоос ажиллах хүч авахад бэлэн. Харилцаа холбоо хөгжсөн энэ цаг үед Чех улс Монголоос хол биш. Монголын бизнес эрхлэгчидтэй бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно гэв. Монголын талаас инженер Р.Дорж хэлэхдээ, “Би  эрчим хүчний чиглэлийн мэргэжилтэй, Чехэд сургууль төгссөн, III цахилгаан станц, Таван толгой”-н уурхайд ажиллаж байсан. Тэтгэвэрт гараад удаагүй байгаа. Чехийн “Зиматехник” компанитай хамтран ажиллахаар тохиролцлоо. Хог хаягдал боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр мундаг технологитой юм байна. Эзэмшсэн мэргэжил, олж авсан туршлагаа түшиглээд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо” гэв.

Бизнес уулзалтын үеэр хоёр орны хоорондох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэлэг технологи, сүүлийн үеийн ноу-хау-г ашиглан Монголд ХАА, газар тариалан, МАА-н гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах төслүүд олноор хэрэгжүүлэх орон зай байгааг хоёр талын бизнес эрхлэгчид хэлж байлаа. Уулзалтын үеэр хүнсний технологийн чиглэлээр сургалт явуулдаг Чехийн “Ренова сургалтын төв, цуглуулгын барааг тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг “ЭГТ экспресс” компани, мөн тээвэр логистикийн чиглэлийн “Арго Бохема”, Чехийн экспорт банк болон бусад бизнесийн төлөөлөл танилцуулга хийсэн юм. Чехийн “Экспорт банк томоохон тоног төхөөрөмжийн экспортыг дэмждэг байсан бол одоо бүх төрлийн экспортыг хамардаг болсон туршлагаа хуваалцсан юм. Монгол, Чехийн хувийн хэвшил, бизнесийнхэн ХАА, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэржилт, байгаль орчин хамгаалал, эрүүл мэнд болон бусад олон салбарт хамтран ажиллах бүрэн боломж байна гэв. Чехийн компаниудын талаарх танилцуулга, хамтран ажиллах саналыг сонирхвол МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст хандаж болох нь.


Б.Болд

 

Холбоотой мэдээ