Хөгжилд хүүхдийн оролцоо сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-18 14:48:35

Баянхонгор /МОНЦАМЭ/Баянхонгор аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа “Хуулиа дээдлэе” аяны хүрээнд “Аймгийн хөгжилд хүүхэд бидний оролцоо сэдэвт хүүхдийн нэгдсэн хэлэлцүүлгийг Цагдаагийн газар, БСУГ, ЭМГ-тай хамтран зохион байгууллаа.

Хүүхдийн байгууллага, хүүхдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, тэдний оролцоог дэмжиж, дэвшүүлсэн шинэ санаачилга уриалгыг нь хэрэгжүүлэх, хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах зорилгоор тус хэлэлцүүлгийг өрнүүлжээ. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг, Цагдаагийн газрын дарга, Хурандаа Ц.Анхбаяр, ЭМГ-ын дарга А.Ганболд, БСУГ-ын хэлтсийн дарга н.Батбаяр болон аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, ахлах ангийн 120 орчим сурагч оролцсон байна. Үндсэн гурван чиглэлээр хэлэцүүлэг өрнөж, аймаг орон нутгийн хөгжилд хүүхдүүд хэрхэн оролцох, хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн нөлөөлөл, ухаалаг утасны соёлтой хэрэглээг бий болгох талаар зөвлөлджээ

Хүүхдийн хүмүүжил төлөвшилд ар гэр, сургууль, төр засаг аль аль шатандаа онцгой анхаарал тавьж байх нь зүйтэй гэдэгт албаныхан санал нэгдэв. Тэднээс хамааралтай олон асуудлыг шийдвэрлэхэд хүүхдүүд зөвхөн саналаа илэрхийлэхээс гадна асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох гарцыг хамтдаа ярилцаж, өөрсдөө хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй болохыг  онцолж байлаа.

Сургууль бүрээс нийгмийн идэвх оролцоо сайтай 15 хүүхэд сонгогдож, тус хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тэд нийгмийн ажилтныхаа хамтаар тус тусын сургуулийнхаа сурагчдад нөлөөллийн ажил хийх ба хэлэлцүүлэг зөвлөгөөнөөс гарсан санал дүгнэлтээс үүдэн сургууль бүр 14 хоногийн хугацаанд сурагчдын оролцоотой аян, ажил арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. 

Гар утасны соронзон долгион, wifi, интернет орчноос үүдэлтэйгээр нүдний хараа муудах, тархины хавдар үүсгэх өвчлөлүүд сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй. Тиймээс ухаалаг утасны зөв зохистой хэрэглээг өөртөө болон гэр бүл, найз нөхөддөө ямагт үлгэрлэж байхыг сурагчдад уриаллаа.

Мөнхзул
                                                                               

Холбоотой мэдээ