Баруун бүсийн үнэт металл сорьцлох лаборатори ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-19 12:26:56

Баянхонгор /МОНЦАМЭ/.Баянхонгор аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн дэргэд “Үнэт металлын сорьц тогтоох лаборатори худалдан авах нэг цэгийн үйлчилгээ”-ний нээлт 10 дугаар сарын 18-нд боллоо.

Нээлтийн тууз хайчлах ёслолд Стандарт хэмжилзүйн газрын дэд дарга Б.Билгүүн, Монголбанкны Тамгын газрын дарга Ж.Батхуяг, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн зохицуулагч Б.Алтанбагана, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарын зэрэг албаныхан, бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Мөн анхны алтан гулдмай хайлах үйл явцтай зочид, төлөөлөгчид танилцсан юм. Анхны гулдмай 255 гр жинтэй байлаа. Тус лаборатори нэг удаад хамгийн багадаа 50 гр, том нь 9 кг-ийн алтан гулдмай үйлдвэрлэх хүчин чадалтай. Өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй тул гулдмай хийхэд төдийлөн цаг орохгүй, харин сорьц тогтооход 3-4 цаг шаардагддаг байна.

Аливаа металлын хайлшийг 1000 нэгж гэж үзвэл түүний хэдэн нэгжийг нь үнэт металл эзэлж байгаа сорьц гэдэг аж. Тухайлбал, 3.0 грамм жинтэй алтан бөгжийг 1000 нэгж гэвэл түүний 585 нэгж нь алт байх ба тэр бөгжийг 585 сорьцтой алтан бөгж гэж ойлгохыг лабораторийн ажилтан тайлбарласан.  

Баруун бүсийн лабораторийг Баянхонгор аймагт ийнхүү байгуулахад 395 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг Монголбанк, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран шийдвэрлэсэн бол Баянхонгор аймгийн ЗДТГ-аас лабораторийн барилгын засварт 34 сая төгрөгийг гаргажээ.

Бүс нутгийг хамарсан үнэт металлын сорьцын лаборатори байгуулагдсанаар иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа сорьцлуулах боломжтой болж байгаа төдийгүй Монголбанкны салбар, арилжааны банкуудаар дамжуулан алтаа худалдах нөхцөл бүрдэж байгаа юм. Ингэснээр алт нийлүүлэлтийн эргэлт нэмэгдэж, шат дамжлага багасч, бодит сорьцын дүнгээр арилжаа хийгдэх боломжийг олгож байна.

 “Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгох шаардлагатай байдаг. Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвийг нээснээр алт олборлогчдод алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарах төдийгүй, аюулгүй байдлын баталгаа бий болно” хэмээн Монголбанкны төлөөлөл хэлж байсан.

Мөн алтны нийлүүлэлтийн сүлжээ албан бус шат дамжлага багасч, алтны худалдааны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоог бүрдүүлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байгаа онцолж байлаа.

                                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ