Д.Сумъяабазар:Ирэх сард дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсөх хандлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-17 13:07:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар шатахууны үнийн өсөлтийн талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын мэдээллийг сонслоо.

Манай улс газрын тосны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Өнгөрсөн онд 1.49 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авсны 94.5 хувийг ОХУ-аас авчээ. Монгол Улс, ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай байгуулсан гэрээгээр шатахууныг Сингапурын хөрөнгийн биржийн үнээр худалдан авдаг байна. Дэлхийн зах зээлд 2018 оны 1 дүгээр сард нэг баррель нефтийн 69.18 ам.долллар байсан бол эдүгээ 86.29 болж өссөн. Мөн АНУ-аас Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг тавьсан хориг арга хэмжээ зэрэг шалтгаанаас үүдэн ирэх сард нефтийн үнэ мөн өсөх хандлагатай байгаа аж. Монгол Улсын Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах зорилгоор татварын хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлж байсан боловч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд татвар нэмэх шаардлага үүссэн гэдгийг УУХҮ-ийн сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “ОУВС-тай хамтран ажиллаж эхэлснээс хойш онцгой албан татварын хэмжээг хоёр удаа үе шаттай нэмсэн. Одоогоор нэг тонн шатахуунаас 631-668 ам.долларын татвар авч байна. Үүнээс үүдэн шатахууны үнэ 2017 оноос хойш нэг тонн нь 117-156 ам.доллараар өссөн. Тиймээс Засгийн газраас ОУВС-тай байгуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэлэлцээрт өөрчлөлт оруулж, А80, А92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Харамсалтай нь гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 170 төгрөгөөр нэмэгдлээ.  Мөн энэ үнэ сар тутамд 6-12 хувиар нэмэгдэж байна” гэлээ.

 Мэдээллийн дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Д.Тэрбишдагва гишүүн Монголын шатахуун импортлогч компаниуд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсан ч дотоодын үнийг бууруулдаггүй хэмээн шүүмжлэв. Түүнчлэн Монгол улсын Засгийн газар, ОХУ-ын холбогдох албаныхантай уулзаж, шатахууны үнийг бууруулах талаар ярилцах боломж бий юу, нефт боловсруулах үйлдвэр ирэх онд ашиглалтад орох эсэхийг тодруулав.

Нефт боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г ирэх сарын 10-нд боловсруулж дуусахаар төлөвлөн ажиллаж буйг төсөл хэрэгжүүлэгч компани мэдэгдсэн байна. Засгийн газраас нефт боловсруулах үйлдвэр барих, шатахуун дамжуулах хоолой байгуулах асуудлаар уулзалт хийж байгаа аж. Энэ хүрээнд ОХУ-ын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, судалгаа хийгээд буцсан гэдгийг Д.Сумъяабазар сайд хэллээ.

Мөн гишүүдээс Монгол Улсад хуурамч шатахуун худалдах асуудал газар авч байгаа тухай мэдээлэл үнэн эсэхийг тодрууллаа. Ажлын хэсгээс, “Монгол Улс энэ оны 5 дугаар сард шатахуунтай холбоотой 2 стандарт батлан мөрдөж байгаа. ОХУ болон БНХАУ-аас импортоор авч буй шатахуунууд дээрх стандартыг мөрдөж байна. Мөн шатахууны актон нэмэгч бодис оруулж ирэн чанаргүй шатахуунд хийж, борлуулсан тохиолдол бүртгэгдсэн” гэлээ. О.Баасанхүү гишүүн Дорноговь аймагт шинээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг ашигтай ажиллуулах, ОХУ-ын компаниудаас Сингапурын биржийн үнээр шатахуун худалдан авдаг механизмыг өөрчлөх боломжийг судлах хэрэгтэй гэсэн санал хэллээ.

Холбоотой мэдээ