Соёлын өвийн асуудлыг мэргэжлийн түвшинд зөвлөлдөж, дүгнэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-17 13:23:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэстэн оршин тогтнох эсэхийг тодорхойлдог соёлын өвийг хамгаалах нь чухал гэдэгт өнөөдөр эхэлсэн “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгдэв.


БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Хөгжингүй орнуудын жишгээр бид юун түрүүнд соёлын бодлогоо тодорхойлох хэрэгтэй, үүний дараа салбар бүрийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг сайжруулах нь зүйтэй. Соёлын салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа энэ үед соёл урлагийн байгууллагын удирдлагууд өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, орлогоо нэмэгдүүлэх зөв менежментийг өөрсдөө хийх хэрэгтэй. Ийм санхүүгийн хөшүүргийг бий болгох үүднээс орлогоо захиран зарцуулах эрхийг удирдлагад олгохоор ирэх оны төсвийн тодотголд тусгасан” гэлээ.

Зөвлөгөөнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 21 аймгийн соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн, музей, номын сангийн захирал, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй хүн оролцож байна.

Соёлын түүхэн дурсгалт өв, эд өлгийн зүйлс шат шатны байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж үрэгдэх, эвдэрч гэмтэх асуудал гардаг. Иймд мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулахад анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөгөөнд оролцогчид хэллээ. Тухайлбал, Монголын төр шашныг хослон баригч, VIII Богд хааны хатан төрийн их дагина Ц.Дондогдуламын чандар шаргаморьтын зуслангийн орчим бий. Уулын энгэр ээвэр газарт гэрэлт хөшөө босгосон байдаг. Гэтэл тэр газрыг тус дүүргийн газрын албанаас хүмүүт эзэмшүүлсэн хэрэг энэ онд гарсан. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалтад байдаг гэдгийг мэдэхгүй зарсан байна. Энэ хэрэг бол БОАЖЯ, Нийслэлийн газрын алба зэргийн хамтын аижллагаа, мэдээлэл сул байдлыг харуулж байна гэж Соёл, урлагийн газрын Соёлын өвийн  хэлтсийн дарга Н.Мөнхзул ярилаа. Тэрбээр, “Нэг талаас иргэд хохирч байна. Албан тушаалтан мэдэхгүйгээс болж тэр газрыг олгосноос болж тухайн иргэн зохих зөвшөөрлийг аваад, хөрөнгө зарцуулсан байгаа. Соёлын өвөө таньж мэдэж байж, үнэ цэнийг нь ойлгодог. Үнэ цэнийг нь мэднэ гэдэг өөрөө түүнийг хайрлах эх оронч үзэл бий болж байгаа юм. Энэ бол өөрөө соёлын дархлаа болж байна” гэв.

Монголын Түүхийн музейн захирал Д.Сүхбаатар: Монголын музей олон улсын хэмжээнд хуульгүй байгаа. Үүнийг энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцэж намрын чуулганд батлуулах нь музейчид бидний хувьд чухал. Хамгийн гол нь 1950-1970 онд баригдсан, үйл ажиллагаа явуулж буй музейн барилгуудыг шинээр барихаасаа илүү  засварын ажил гүйцэтгэх шаардлагатай байна. Тиймээс энэ зөвлөгөөнд тулгамдаж буй бэрхшээлээ илэн далангүй ярьж, тэгснээр асуудал шийдэгдэнэ. Удахгүй олон шинэ музей хувийн хэвшилд түшиглэн хөгжих нь дамжиггүй. Түүнчлэн иргэдийн гарт байгаа үнэ цэнэтэй соёлын өвүүдийг бүртгэж баримтжуулах, цаашлаад улсын нэгдсэн санд оруулах хэрэгтэй.

Соёлын биет бус өвийг өндөр түвшинд өвлөсөн билиг авьяастан Э.Баатаржав: Монгол Улс гүрэн байсны хамгийн том баталгаа бол өв соёл юм. Зарим оронд өв тээгчид нь устаж үгүй болсон байдаг. Миний хувьд 5,6 наснаасаа өвлийн шөнийн уртад, өөхөн дэнгийн гэрэлд туульс хайлах эрдмийг Ховдын Дуут суманд амьдарч байсан туульчдаас анх сурсан. Түүнээс хойш 5 тивийн ард түмэнд 30 гаруй жил соёлын өвийг өөрийн биеэр хүргэлээ. Өнгөрсөн жил Өмнөд Америк тивд Амазон мөрний эрэг дагуу болсон олон улсын хуралд очиж өв соёлоо сурталчилсан. Тэгэхэд  Чингисийн өлгий нутагт очиж өв соёлыг нь харах юмсан гэдэг хандлага их ажиглагдсан. Тэгэхээр соёлын өв тээгчид болон туулиар дамжуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Би цуур, хөөмийн нэлээн олон шавьтай. Туульсын шавь бэлтгэхийг хичээж байгаа. Гэхдээ туульч төрнө гэдэг амаргүй.


Энэ үеэр “Монгол соёлын өв” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэснээс гадна “Нүүдэлчин Монгол 2018 наадам” баримтат киног толилуулах юм. Энэхүү зөвлөгөөнд оролцогчдын хэлсэн санал, дэвшүүлсэн санааг үндэслэн соёлын өвийг хадгалж хамгаалах, ашиглах, хөгжүүлэх талаар зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэх аж.


Улсын хэмжээнд 600 мянга гаруй соёлын хөдлөх өв, 9000 гаруй дурсгалт газарт 86 мянга гаруй үл хөдлөх өвийг Монгол Улсын соёлын өвд бүртгээд байна.

Холбоотой мэдээ