ГИХГ алба хаагчдынхаа мэдлэг, ур чадварын түвшинг тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-17 15:15:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гадаадын иргэн, харьяатын газар /ГИХГ/ нийт албан хаагчдынхаа ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох аттестатчиллын шалгалтыг энэ сарын 13-ны өдөр онлайнаар зохион байгуулав.

Засгийн газраас энэ оныг “Хариуцлагын жил”-ээр зарлаж төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйтэй, мэдлэг чадвартай ажиллахыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан зохион байгуулж буй тус шалгалтаар баталсан удирдамжийн дагуу албан хаагчдын мэдээллийн технологи, гадаад хэлний болон хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэг, албан бичиг төлөвлөх чадвар зэрэг төрийн албан хаагчийн эзэмшвэл зохих ур чадвар, мэдлэгийг шалгав.

Тухайлбал, албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэгийг тодорхойлох шалгалтын агуулгад төрийн албаны тухай, авлигын эсрэг, хөдөлмөрийн, гадаадын иргэний, эрх зүйн байдлын, харьяатын тухай хууль зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа зайлшгүй мөрдлөг болгон ажиллах 20 орчим хууль, бусад холбогдох тогтоол, журам багтжээ.

Бичгийн шалгалтыг албан бичиг төлөвлөх, тушаалын төсөл боловсруулах гэсэн үе шаттай явуулж, бичгийн ур чадварыг тодорхойлсон бол тодорхой сэдвийн хүрээнд эссе бичлэг, албан хаагчдын хууль, эрх зүйн ерөнхий мэдлэгийн түвшинг шалгав. Шалгалтын нэгдсэн дүнг Удирдлагын зөвлөлийн хурлаар дүгнэн хэлэлцэж ажилчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх, бууруулах асуудлыг шийдвэрлэх юм.

Шалгалтад тус байгууллагын төв болон орон нутаг, хилийн боомтод ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдыг хамарчээ. 

Мөн энэ сардаа багтаан ГИХГ-ын харъяа байгууллагуудын бүх төрийн үйлчилгээний албан хаагчийг хамарсан ажил, мэргэжлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох шалгалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

ГИХГ нь Засгийн газрын энэ оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа бөгөөд албан хаагчдынхаа мэргэжил, боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа аж.

Холбоотой мэдээ