“Спорт ба хөгжил” улсын зөвлөгөөнд 500 гаруй төлөөлөгч оролцоно

Монголын мэдээ | Спорт
bolor@montsame.mn
2018-10-17 14:13:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын IV зөвлөгөөн маргааш Төрийн ордны их танхимд болно.

2012 оноос хойш тасалдаад байсан уг зөвлөгөөнийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөх, “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”, Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль ба бусад хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох талаарх арга зам, шийдэл, чиглэлийг тодорхойлж, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх цогц асуудлыг хэлэлцэх юм.

Зөвлөгөөний үеэр биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, МҮОХ, МПХ, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 500 гаруй төлөөлөгч оролцох юм.

Энэ жил Монгол улс Олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож буй. Зөвлөгөөний үеэр 1968 оны Мехикогийн 19 дүгээр олимпийн наадмаас Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль, Чимэдбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нар хүрэл медаль хүртэж Монгол Улс анхны олимпийн медальтнуудтай болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэж, Олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлэх аж.

Холбоотой мэдээ