Э.Болорчулуун: Явган хүний зам, талбайг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж 187 байршилд газар чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-17 14:35:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Туушин” зочид буудлын өмнөх явган хүний замыг хааж барьсан шатыг өчигдөр нийслэлээс буулгасан шиг 6 газар мөн газрыг чөлөөлж зам талбайг нэмэгдүүлээд байгаа талаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн албаны дарга Э.Дагиймаа нар өнөөдөр хэвлэлийн хурал дээр мэдээлэв.

6 газарт “Авзага” ХХК-ийн явган хүний зам дээр барьсан хашаа, Чойжин ламын сүмийн музейн хашаанд бариад байсан барилга болон мөн хашаа, “Өргөө” амаржих газрын орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаа, хайснууд, “Өгөөж” ХК-ийн урд барьсан хашаа зэрэг нийт 5 байршилд, мөн Баянзүрх дүүрэгт “Натур” худалдааны төвөөс “Нарны зам” руу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан 6 хашаа, мөн дүүргийн 2-р хороонд явган хүний зам дээр байршуулсан зөөврийн граш зэрэг байршлуудад газрыг чөлөөлөөд байгааг мэдэгдэв. “Явган хүний зам, талбайг чөлөөлөх ажлыг цааш улам эрчимжүүлнэ. Энэ талаар Нийслэл Засаг дарга энэ оны хоёрдугаар сард захирамж гаргаж “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулаад байна.

Нийтдээ нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд 257 орц гарц, зам талбайг чөлөөлөх судалгаа гаргаснаас 187 байршилд газар чөлөөлнө” гэдгээ мэдэгдэв.

“Хууль эрхзүйн хувьд газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгснөөс хойш 7-10 хоногт буюу дээрх заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг тухайн этгээдээс гаргуулах талаар Газрын тухай хуулийн 57.4-т заасан байдаг”-ийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, хуульч Д.Мөнх-Эрдэнэ хэлээд “Хотын зүгээс Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаснаар явган хүний зам, талбайг ирэх 2 жид 3-5 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ бол их хотын түгжрэлийг арилгах, иргэд оршин суугчдын амрах талбайг ихэсгэх, ногоон байгууламж барих газрыг нэмэгдүүлэх зорилготой ажил юм” гэдгийг тодотгож байв.

Хэвлэлийн хурал дээр Нийслэлийн газрын албанаас Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийн дагуу Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг барих бүтээн байгуулалтын ажлын хүрээнд авто зам, замын байгууламж, сургууль цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 96 байршлын 1841 нэгж талбарын 220 га газрыг чөлөөлж байгаа талаар мөн мэдээлэв. 2018 оны Төсвийн тухай хуулиар барилга барихаар хөрөнгийг нь баталсан 39 байршилд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөн газрыг нь нөхөн олговор олгох замаар чөлөөлөөд байна. Эдгээр газоыг нийслэлийн энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан юм байна. Харин нийслэл дэхь авто замын байгууламжийн тухайд мөн нийслэлийн энэ оны төсөвт тусгасан болон Улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих 37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газрыг чөлөөлөөд байгаа аж.

Сүхбаатар дүүргийн 6-р хороонд барих Яаралтай түргэн тусламжийн төвийн ойролцоох замын газрыг чөлөөлөх асуудал шийдэгдээгүй шүүх дээр хянагдаж байгаа тул газар чөлөөлөх боломжгүй байгаа аж. Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэл барьж буй 1.4 км авто замд нийт 108 нэгж талбараас 6 айл газраа чөлөөлөөгүй учир тэдэнтэй зөвшилцөж байна гэж Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун хэлэв

. Тэрээр газар чөлөөлт дээр зарим байршилд иргэд хашааны болон эзэмшиж буй газраа хэт өндөр үнэлэх, зах зээлийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаагаас цаг хугацаа алдаж бүтээн байгуулалтын ажилд зарим хүндрэл учруулж байгаа хэдий ч газар чөлөөлөлтийг төлөвөлсөн хугацаандаа багтаан дуусгана гэдгээ мэдэгдэж байв. Үүний дараа Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Явган хүний замын стандарт ямар байдаг юм бэ? Хотод 2 хүн зөрөхөөргүй явган хүний гэх зам хаа сайгүй байна?

Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун:

-Явган хүний замын стандартыг Автозамын хөгжлийн газраас гаргадаг. Ер нь бол 1.5 м байх ёстой юм. Бид газар чөлөөлөх дээр Зөрчлийн тухай болон Захиргааны ерөнхий тухай хуулийн дагуу урьдчилан мэдэгддэг. Үүний дагуу хийж буй ажил юм.

-Газрыг чөлөөлөх байршил бүхий газрууд нийслэлд бишгүй олон байна. Тэдгээрийн мэдээллийг яаж авч байна вэ? Иргэдийн саналыг хэр авч байна? Яаж, ямар замаар авч байна вэ?

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Бид кадастрын бүртгэл болон мэдээллийн сан, мөн кадастрын зураглал дээр тулгуурлан тухайн газрын хийсэн гэрээг түшиглэн мэдээлэл авч хянаж тулгаж байгаа. Мөн оршин суугч иргэдийн мэдээлэл их чухал байдаг. Иргэд та бүхэн “Ulaanbaatar.mn” вэб хуудас болон Иргэдэд үйлчлэх 4 төв бий, тэнд хаана явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайг хаасан байгаа талаар мэдээлж хандаарай гэдгийг хэлье.

Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн албаны дарга Э.Дагиймаа:

Хотын зүгээс кадастрын зургаа барьж газрыг чөлөөлж байгаа болохоос хувь хүний эзэмшил рүү ч юм уу гэх мэтээр хэн нэгний өмч рүү хүчээр дайрч халдаж байгаа явдал биш юм шүү. Харин ч зарим иргэн, ААН, байгууллага нийтийн эзэмшил, өмчид саад болсон буюу кадастрын зургаас хэтрүүлэн барьсан хашаа хайсаа өөрсдөө өөрийнхөө хөрөнгөөр буулгаж өгч байгаа. Үнэхээр буулгаж өгөхгүй, удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа нөхцөлд албадан чөлөөлж байгааг олон нийт ойлгож байгаа байх.

-ХХБ-ны өмнөх явган хүний замыг хаан, тулгаж барилга барьсан байршлуудыг яах гэж байна вэ? Хэзээ чөлөөлөх вэ? Мөн "Метро молл" болон “Драгон” төвийн автозам болон явган хүний зам дээр ТҮЦ зэрэг байршуулснаар нийтийн хөдөлгөөнд саад болж буй байдлыг яах вэ?

-Бид судалж байгаа. Та бүхний мэдээллийн дагуу дээрх газруудад мөн очиж үзнэ.

-Хуучин ЗЦГ-ын өмнөх төмөр замын презерийн урд "Хомо плаз"-ын "Минт" гээд баар, шөнийн цэнгээний газар одоо барьж буй гүүрэн замд саад болж байгаа юу? Уг нь буулгана гэж өмнө их ярьж байсан юу болсон вэ?

-Энэ талаар өмнө нь манайхаас гарч байсан шийдвэр бий. Гэвч Ерөнхий зураг төслийн дагуу, төлөвлөгөөгөөр (буулгахгүйгээр) батлагдчихсан. Энэ талаар оршин суугч, иргэдийн мэдээлэл байгаа болохоос биш яг хууль зөрчсөн үйлдэл одоо харагдахгүй байгаа. Ямар үйлдэл дээр буулгах гэдгийг судалж байж л шийдэхээс өөр юм алга. Тэнд хажуу талаар нь явган хүний болон авто зам байхгүй биш байгаа. 

Б.Болд

Холбоотой мэдээ