Зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгасны хариуд ОХУ Польшид хориг арга хэмжээ авч магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-17 14:57:03

МОСКВА. /Вести/. Аугаа Эх орны дайны жилүүдэд амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөг буулгасны хариуд ОХУ Польшид улс төрийн болон эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй байна. Энэ тухай ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын хорооны тэргүүн дэд дарга Владимир Жабаров мэдээлжээ.


Польшийн эрх баригчид нийслэл Варшав хотынх нь Скарышевский цэцэрлэгт хүрээлэнд байдаг Улаан армийн Талархал хөшөөг буулгахаар төлөвлөж буйгаа урьд нь мэдэгдсэн байна.


Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөг буулгахыг өөхшүүлэн дэмжсэн улс төрийн иймэрхүү үйлдлийн эсрэг Москва хориг арга хэмжээ авч болзошгүй гэж Владимир Жабаров онцлон хэлжээ. “Эдийн засгийн шинж чанартай алхамуудыг авахын өмнө улс оронд хохирол учруулахгүйн тулд нарийвчлан дүн шинжилгээ хийх хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.


Сүүлийн үед Польшид амь үрэгдсэн Зөвлөлтийн цэргүүд болон Дэлхийн хоёрдугаар дайнд амь эрсэдсэн цэргүүдийн хөшөөг муушааж гутаах нь ихэсчээ. Коммунизмын эсвэл дарангуйлагч өөр тогтолцооны үзэл суртлыг хориглосон хууль Польшид 2017 оноос хэрэгжиж эхэлжээ. Тухайлбал, уг хуульд Зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгах талаар тусгасан байна. Энэ хуульд хамаарах бүх хөшөөг 12 сарын хугацаанд багтаан олон нийтийн газраас зайлуулах ёстой аж. Харин оршуулгын газар болон оршуулсан газрууд энэ хуульд хамаарахгүй байна. 

Холбоотой мэдээ