"Ханару март” ХХК нь хугацаа нь дууссан бүтээгдэхүүний шошгыг зассан зөрчил илрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2018-10-17 15:36:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ энэ сарын 15-нд ирсэн иргэний гомдлын дагуу “Ханару март” ХХК-ийн дэлгүүр, агуулахад шалгалт хийж, хаяг шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 1.541 хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлэн битүүмжилжээ.

Энэ талаар тус газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэний гомдлын дагуу СБД-ийн 5 дугаар хорооны Голомт хотхоны 32-ын "А" тоотод байрлах Ханару март дэлгүүрт СБД-ийн мэргэжлийн хяналт, НМХГ-ын холбогдох чиглэлийн улсын байцаагч хяналт шалгалт хийсэн бөгөөд хугацаа нь дууссан 22 сая төгрөгийн бараа илрүүлэв.

Одоогоор Ханару дэлгүүр болон агуулахын үйл ажиллагааг түр зогсоон зөрчлийн хэрэг үүсгэсэн. Энэ онд тус байгууллага БНСУ-аас 4 удаа нийт 106 нэр төрлийн 81.2 тонн хүнсний бүтээгдэхүүнийг гааль, мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулан хилээр оруулж иржээ.

Гэвч эдгээрийн нэр төрөл дотор хугацаа нь дууссан, хаяг, шошгогүй бараа бүтээгдэхүүн багтсан талаар зөрчил мэдүүлээгүй. Иймд бид зөрчил илэрсэн бараа бүтээгдэхүүнийг аль гааль, хилээр хэрхэн оруулж ирснийг тодруулахаар ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад мөрдөж буй хуульд аливаа ААН-д хяналт шалгалт хийх тухайгаа өмнөх жил нь шадар сайдаар батлуулан нийтэд зарлах тухай заасан байдаг. Энэ хуулийн заалтыг далимдуулж зарим ААН, иргэд, товлосон шалгалтын үеэр зөрчилтэй бараагаа нууж, шалгалтын дараа хууль бус үйлдлээ гаргадаг. 2017 онд тус байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн илрээгүй. Цаашид бид энэ хуулийг өөрчилж, хүнс болон эм, тарианд гэнэтийн шалгалт хийнэ" гэв.

Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч О.Нямдаваа “Ханару март” ХХК нь БНСУ-аас далайн гаралтай, хагас боловсруулсан 28 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн авч ирж худалдаалдаг.  Эдгээр бараа бүтээгдэхүүний хадгалах хугацааг арилгаж, өөрсдөө засч бичсэн нь илэрсэн. Мөн наймаалж, загас гэх мэт ямар ч хаяг шошгогүй бүтээгдэхүүнийг их хэмжээгээр оруулж ирэн өөрсдөө савласан ноцтой зөрчил гарлаа. Шалгалтаас өмнө 14 хоол үйлдвэрлэлийн газарт тараасан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулж, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүлээлгэж өгөх мэдэгдэл хүргүүлсэн” гэв.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд манай улсад импортоор орж ирсэн бүх бүтээгдэхүүний мэдээлэл Орос, Монгол, Англи хэлээр бичигдсэн байх ёстой. Иймд  иргэд аливаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа  шошгын мэдээлэлд онцгой анхаарч, шалгаж авах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.


Г.Өлзийхутаг

Холбоотой мэдээ