Манай гараг дээр 3,4 тэрбум хүн өдөрт 5,5 хүрэхгүй ам.доллараар амь зогоож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-17 15:55:52
МОСКВА. /РИА Новости/. Дэлхийн хүн амын 3,4 тэрбум нь өөрөөр хэлбэл бараг тал нь буюу 46 хувь нь өдөрт 5,5 хүрэхгүй ам.доллараар амь зогоож байгаа тухай Дэлхийн банкны /ДБ/ ядуурлын асуудлаарх хоёр жилийн тайлан мэдээнд дурджээ. ДБ Ядууралтай тэмцэх олон улсын өдөр лхагва гарагт тохиож буйтай холбоотойгоор 2015 оны байдлыг дурдсан тайлан мэдээгээ нийтэлсэн байна.

2015 оны байдлаар өдөрт 1,9 хүрэхгүй ам.доллараар амь зогоодог нэн ядуу хүн амын тоо хэдийгээр 10 хувьд хүрч буурсан боловч ядууралтай холбоотой асуудлууд хэвээр байгаа бөгөөд ядуучуудын тоо буурах хурдац нь удааширсан байна. Энэ нь эдийн засгийн хөгжлийн дүнд дэлхийн хүн амын ядуучуудын ихэнх нь одоо амьжиргааны түвшин харьцангүй дээгүүр орнуудад амьдрах нөхцөл байдал үүссэнтэй холбоотой гэж ДБ-ны шинжээчид үзэж байна.

Тайлан мэдээнд тэмдэглэж буйгаар, Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн орнууд ядуурлын асуудлыг хамгийн түргэн шийдэж байгаа аж. Эдгээр бүс нутгийн орнуудад 2010-2015 оны хооронд хүн амынх нь 40 хувийг эзэлдэг ядуучуудын орлого 4,7 хувиар өсчээ. Мөн нэн ядуучуудын тоо бусад бүс нутгийнхтай харьцуулахад хамгийн өндөр хувиар буурсан байна.


Европ болон Төв Азийн олон оронд ядуу хүн амын орлогын өсөлт удааширчээ. Гэхдээ энэ бүс нутгуудад өдөрт 3,2 болон 5,5 хүрэхгүй ам.доллараар амь зогоож буй нэн ядуусын тоо хамгийн бага хувийг эзэлж байна. 3,2 хүрэхгүй ам.доллараар амь зогоож буй хүн амын 11 хувь нь, 5,5 хүрэхгүй орлоготой хүн амын 26 хувь нь Латин Америкийн орнуудын иргэд аж. Харин Зүүн Азид ядуу хүн амын орлого эрс өсч, нэн ядуусын тоо буурсан байна. Гэхдээ тус бүс нутгийн хүн амын 80 хувь нь 2015 онд бас л өдөрт 5,5 хүрэхгүй ам.доллараар амь зогоожээ.
Холбоотой мэдээ