Өлгийн улаан омгийн ямааг бие даасан үүлдрээр баталгаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-10-17 16:29:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Өлгий суманд үржүүлж буй ноолуур, мах, сүүний хосолмол ашиг шимт Өлгийн улаан омгийн ямааны үржлийн ажлын ололтыг ХХААХҮЯ-наас хянан магадалж, одоо тус үржлийг бие даасан үүлдрээр баталгаажуулах гэж байна.

Дээрх ажлыг малын тоо чанарт шилжүүлж, ашиг шим хүртээмжийг сайжруулах, генетик нөөцийг хамгаалах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, шинэ үүлдэр, омгийг бий болгох ажлын хүрээнд хийж буй талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна.

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А-95 дугаар тушаалаар томилсон ажлын хэсэг удирдамжийн дагуу хавар, намрын технологит хугацаанд Увс аймгийн Өлгий, Наранбулаг сумдад ажиллаж, Өлгийн улаан ямааны үүлдэрлэг байдал, ашиг шимийн түвшинд хянан магадлагаа хийж, малчид, мал аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, санал бодлоо солилцжээ. Ажлын хэсэг Өлгийн улаан ямааг бие даасан үүлдрээр баталгаажуулах асуудлыг салбарын Сайдын зөвлөлийн хурлаар оруулж, шийдвэрлүүлэх гэж байна.


“Өлгийн улаан” омгийн ямаа нь Их нууруудын хотгор, Хархираа, Түргэний уулсын байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон, амьдрах чадвар сайтай, холын замд туувар даах чадамж өндөртэй, ноолуурын гарц сайн, нарийн микронтой, бие томтой байдгаараа Монгол үүлдрийн ямаанаас ялгаатай. Баруун бүсийн ямаан сүргийн ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах зорилгоор үндсэн сайжруулагчаар ашиглаж ирсэн энэхүү ямааг үүлдрээр баталгаажуулахаар 2003 оноос эхлэн судалгааны ажил хийж эхэлсэн байна.

 

Холбоотой мэдээ