Ирэх онд 21 багийг бүрэн камержуулах санал гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-18 09:35:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Ирэх онд Баян-Өндөр сумын 21 багийг бүрэн камержуулж, “Аюулгүй ажиллагааны нэгдсэн төв”-ийн ашиглалтад оруулахад нэг тэрбум төгрөг зарцуулахаар албаныхан төлөвлөжээ. Дээрх ажлыг  Баян-Өндөр сумын ЗДТГ-аас “Аймгийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгасан гэж мэргэжилтэн Э.Дашзэвэг хэллээ.

Орон нутагт хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар  Баян-Өндөр сумын ЗДТГ-аас жил бүр санал асуулга явуулдаг бөгөөд сүүлийн гурван жилийн турш иргэд камержуулахыг нэмэгдүүлэхийг хүссэн санал ирүүлсэн аж. Үүний дагуу дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хэрэв ирэх оны төсвийн төсөлд уг ажлыг тусгаж чадвал багийн төвүүд бүрэн камертай болно.

Орхон аймагт өнөөдрийн байдлаар 197 ширхэг хяналтын камер бүртгэлтэй байгаагаас 97 нь бүрэн ажиллаж үлдсэн нь гэмтжээ.  Иймд үүнийг засах, шинээр 412 камер байрлуулахад дээрх хөрөнгийг зарцуулна.

 Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ