“Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-нд 9 орны тамирчин өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-10-17 17:06:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголд анх удаа энэ сарын 26-28-нд болох Уран сайхны гимнастикийн “Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-нд  9 орны 80 гаруй тамирчин оролцоно.

Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат, “ Манай гимнастикийн холбоо байгуулагдсанаас хойш эх нутагтаа “Азийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2017 онд аэробик гимнастикийн төрлөөр зохион байгуулсан. Харин одоо уран сайхны гимнастикийн “Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ийг анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангалаа. Тус тэмцээнд насанд хүрэгчдийн, өсвөр насны, багийн, ганцаарчилсан төрлөөр өрсөлдөөх бэлтгэлээ хангасан.

Тамирчид маань энэ оны 4 дүгээр сард Малайз Улсад болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон туршлагатай учир түрүүлэх найдлага тавьж байна. Мөн энэ удаагийн тэмцээнийг анх удаа шүүлтийн электрон системийг ашиглана. Уран гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулж буйг Азийн гимнастикийн холбоо өндрөөр үнэлэв.

Энэхүү тэмцээн нь Азийн тамирчдын хувьд 2020 онд болох “Токиогийн олимп”-ийн том сорилт болох ач холбогдолтой хэмээн үнэлж 89 сая төгрөгийн өртөг бүхий зориулалтын дэвжээ бэлэглэсэн. Энэ дэвжээ манай баг тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд маш их үүрэгтэй” гэв.

Тэмцээний 3 өдрийн тасалбарыг “Начинзаан” ББСБ-ын салбаруудаар энэ сарын 19-нөөс эхэлж худалдаалах бөгөөд хүүхэд 3000 төгрөг, том хүн 10000 төгрөгийн үнэтэй аж.

Г.Өлзийхутаг

Холбоотой мэдээ