Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, Сангийн яамны мэдээллийг сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-17 16:59:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2018.10.17/ 13 цаг 40 минутад 55,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн орлого, зарлагыг тооцсон талаар Сангийн яамны мэдээлэл сонслоо.

Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд орлого, зарлагыг хэрхэн тооцсон талаарх мэдээллийг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат хийв. Тэрээр, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа 2019 онд хэрэгжүүлэх төсвийн 6 бодлого дээр анхаарсан, энэхүү бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд,

- Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах,

- Экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх,

- Бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх,

- Төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх,

- Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах,

- Гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулах зэрэг болно.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээнд нийт орлого 11 их наяд төгрөг байхаар тооцсон, үүнээс, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,6 их наяд төгрөг, төсвийн нийт зарлагын хэмжээ 11,6 их наяд төгрөг байхаар тооцсон. Нийт урсгал зардлыг бүтцийн хувьд авч үзвэл цалин хөлс 20 орчим хувь эзэлж байгаа бол татаас ба тэтгэвэр, тэтгэмжийн зардалд 30 орчим хувь, хөрөнгө оруулалтын зардалд 28 хувь, бараа үйлчилгээний бусад зардалд 15 хувь, зээлийн хүүгийн төлбөр 7 хувийг тус тус эзэлж байна гээд бусад зарлага, орлогын талаар товч мэдээлэл хийлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авахын зэрэгцээ саналаа хэлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа өмнөх жилийн төсөвт олон төсөлд мөнгө суулгасан, үүнээс хэдэн хувь нь зарлагдаж, хэдэн хувь нь хэрэгжсэн талаар тодруулж байлаа. Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, өмнө нь эхлүүлсэн сайн төслүүдийг дэмжих, 2017-2018 онд дуусч амжаагүй төслүүдийн санхүүжилтийг бүрэн дуусгах, мөн аливаа гэрээ, хэлэлцээрийг сунгахгүй бүрэн үр ашигтай хугацаанд нь дуусгах чиглэлээр ажиллаж байна гэлээ.

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авснаар өнөөдрийн дэд хорооны хуралдаан өндөрлөлөө.

Холбоотой мэдээ