Түгээлтийн машинуудыг хязгаарлавал хүнсний бүтээгдэхүүний үнэ өснө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-10-17 20:18:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчид автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд түгээлтийн машиныг өдрийн цагаар хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тогтоол баталсан. Ирэх сарын 01-нээс хэрэгжиж эхлэх уг шийдвэрийг эргэн харах хэрэгтэй хэмээн Монголын Хүнсчдийн холбоо мэдээлэл хийв.

Тус холбоо болон Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч ААН, компаниудын төлөөлөл шинээр баталсан тогтоолыг мөрдөж хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ илэрхийллээ. Учир нь цаг агаар, улирлын онцлог, түгээлтийн ажилтнуудын ажлын нөхцөл байдал, цалин хангамж бусад зүйлээс шалтгаалан хэрэглэгчдийн гарт хүрэх хүнсний бүтээгдэхүүн шинээр очиж чадахгүйд хүрнэ гэдгийг онцолсон. Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалан хүнсний  бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж болзошгүйг сануулав. Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй нийт машины 77 хувийг суудлын, 18 хувийг ачааны автомашин эзэлдэг. Зөвшөөрөлтэй замын хөдөлгөөнд оролцдог 2300 ачааны автомашин байдгийн 880 нь түгээлтийнх.

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах, “Бид нийслэлийн удирдлага, холбогдох шатны хүмүүст ажлын бус цагаар түгээлт хийе гэсэн санал тавьсан боловч хариу өгөөгүй. Борлуулагчид шөнийн цагаар түгээлт хийх ямар ч боломжгүй. Энэ тогтоол хэрэгжиж эхэлбэл нэмэлт зардлын мөнгө иргэдийн халааснаас гарах төдийгүй шинэ бүтээгдэхүүн хэрэглэх боломжгүйд хүрнэ. Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг томоохон 5 компани шинээр баталсан тогтоолтой холбогдуулан судалгаа хийхэд автомашины тоог нэмэгдүүлэх, борлуулагчийн цалин хөлс зэргийг нэмэх зэрэг 23 тэрбумын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа юм” гэв.

Сүү ХХК-ийн борлуулалтын албаны дарга Б.Батхишиг, “Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хадгалалт түгээлтийн нарийн горим шаарддаг.

Бид  бүтээгдэхүүнээ өглөө бүр хэрэглэгчийн гарт шинээр хүргэхийг зорьдог. Улаанбаатар хотыг тойрсон 2500 малчин өрхөөс өдрийн цагаар сүүгээ хүлээн авч шөнө боловсруулан савлаж өглөө хэрэглэгчийн гарт хүргэдэг. Гэтэл ажлын 8 цаг ухрааснаар сүүн бүтээгдэхүүнээ цагт нь хүргэж чадахгүй хүрнэ” гэлээ.


О.Мөнхжаргал

Холбоотой мэдээ