Хууль зүйн туслалцааны төв иргэдэд нээлттэй өнжив

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2018-10-17 20:12:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдэд эрх зүйн мэдээллийг цахим болон цахим бус байдлаар нээлттэй, хүртээмжтэй энгийн хэлбэрээр  хүргэх зорилготой ХЗҮХ, Монголын хуульчдын холбоо, “Иргэдийн оролцоо II” төсөл болон Хууль зүйн тусалцааны төвийн хамтарсан “Нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр Хуульчдын талбайд зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр хууль зүйн анхан шатны зөвлөгөө, өмгөөлөл, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэв. Мөн хууль зүйн холбогдолтой номын хямдралтай худалдаа, зарим ном гарын авлагыг үнэгүй түгээж байлаа.

Нотариатч С.Алтанзаяа хэлэхдээ, ”Төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож буй этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, хуулиар тогтоосон болон үйлчлүүлэгчийн хүсэлтээр тодорхой үйлдэл, баримт бичгийг гэрчлэх үүрэгтэй. Монголд нийтдээ 290 гаруй наториатын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Заримдаа иргэд хуурамч бичиг баримт үйлдэж нотариатаар баталгаажуулах оролдлого гардаг. Тий учир шаардлага хангасан баталгаатай тамга тэмдгийг сайтар шалгаж үйлчлүүлэх хэрэгтэй” гэв. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, "Бид шинээр Эрх зүйн хөтөч буюу И-хөтөч нэртэй цахим сайт ажиллуулж эхэлсэн. Төрийн байгууллагын иргэдэд хүргэж буй үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх, сурталчлан мэдээлэх, хууль зүйн үнэгүй зөвлөгөөгөөр хангахаар ажиллаж байна. Иргэдэд эрх зүйн мэдлэг маш дутмаг гэдгийг бид Нээлттэй нийгэм форумын судалгаанаас харсан. Бид эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хүрээнд маш олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг хэлбэр бол өнөөдрийн нээлттэй өдөрлөгөөр шинээр батлан мөрдөж буй хуулийн гарын авлагыг үнэгүй тараах, биет хөтөч ажиллуулан үнэгүй мэдээлэл түгээж байна” гэлээ.


О.Мөнхжаргал 

Холбоотой мэдээ