Багийн иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-10-18 11:28:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн суманд төрийн үйлчилгээг иргэдэд ил тод хурдан шуурхай хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч танилцах холбогдох газарт уламжлан шийдвэрлэх боломжийг судлах, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй нэг цэгээс иргэдэд хүргэх, мэдээлэл авах боломжоор хангах зорилгоор багуудад “Иргэдээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.


Арга хэмжээнд аймгийн Засаг дарга Л.Ганболд, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх болон  төрийн бүхий л байгууллагын төлөөлөл оролцов. Энэ үеэр иргэд түлээ, түлшний хөнгөлөлт, тэтгэвэр тэтгэмжийн тухай мэдээлэл илүү сонирхож байсан бөгөөд эмч нар дотор, нүд, шүд, уламжлалт эмчилгээ, зүрх судас зэрэг үзлэг хийж зөвлөгөө өгчээ.  


Мөн ерөнхий боловсролын сургуулиудад үдийн цайгаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож хүүхдийн үдийн цайнд өгдөг  бүтээгдэхүүний амталгааг үзүүлж иргэдийн саналыг авч байлаа. “Иргэдээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдээс гарсан санал санаачлагуудыг нэгтгэн төрийн байгууллагууд цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллах ажээ.

 


Б.Гантуяа

Холбоотой мэдээ