Спортын төв ордонд 20 жилийн дараа үндэсний бөхийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-17 18:17:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн өргөөний үйл ажиллагааг БЗД-ийн Цагдаагийн хэлтсээс зогсоож битүүмжилсэн бөгөөд ойрын өдрүүдэд болох алдар цолтой 256 бөхийн барилдааныг Спортын төв ордонд зохион байгууахаар болов. Мөн ирэх сард болох “Жудаг” бүлгэмээс чансаа өндөр 16 бөхийн барилдааныг 11 дүгээр сарын 18-ны өдөр СТО-д зохион байгуулахаар товложээ.

МҮБХ-ноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн сард Бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлосон ч өнгөрсөн 9 дүгээр сарын 28-ны өдөр болсон маргаанаас үүдэн БЗД-ийн Цагдаагийн байгууллагаас Бөхийн өргөөг хамгаалалтад авсан бөгөөд талуудын маргаан шийдэгдээгүй учраас Бөхийн өргөө хаалттай хэвээр байна.

СТО-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон спорт холбоод, биеийн тамирын дунд сургууль, бокс, жүдо, хүндийн өргөлтийн зэрэг бэлтгэлийн заал үйл ажиллагаа явуулж байгаа. Спортын төв ордонд 1959-1998 оны хооронд улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан болж байсан юм.

Хамгийн сүүлд 1998 оны 10 дугаар сард үндэсний бөхийн барилдаан болсноос хойш 20 жилийн хугацаанд бөхийн барилдааныг зохион явуулаагүй юм байна. 

Холбоотой мэдээ