У.Хүрэлсүх: Байгууллага бүр албан хаагчдынхаа дунд спортын арга хэмжээг өргөн зохион байгуулахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-10-18 11:52:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "Спорт ба Хөгжил" Улсын зөвлөгөөнийг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнд оролцогч эрхэм төлөөлөгчиддөө

Эх орныхоо нэр алдрыг Дэлхийд дуурсгагч хүндэт Тамирчид, Дасгалжуулагчидаа

Та бүгдийнхээ амар амгаланг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Өнөөдөр НҮБ, түүний гишүүн орнуудын зүгээс биеийн тамир, спортыг хүний эрүүл мэнд, бие бялдар, улс үндэстэний эв нэгдэл, нийгмийн эерэг харилцааг дэмжих хэрэглүүр, улсын орны бүтээн байгуулалт, нийгэм-эдийн засгийн хөгжлийн хурдасгуур хэмээн үзэж биеийн тамир, спортын салбарын бодлого, иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг болоод байна.Биеийн тамир, спорт нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэхээс гадна өсвөр үе, залуучуудыг эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, эх орноороо бахархдаг бие хүн болж төлөвшихөд онцгой ач холбогдолтой.

Энэ 2018 он Монгол хүн  Олимпийн наадмаас анх медаль хүртсэний 50 жил, алтан медаль хүртсэний 10 жилийн тэгш ой тохиож буй түүхэн жил.

Энэ цаг мөчид Аргентины Буэнос Айрес хотноо болж буй Залуучуудын зуны Олимпийн наадам, Индонезийн Жакарта хотноо болж буй Азийн Паралимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, медалийн буухиаг үргэлжлүүлж байгаад бахархахгүй байхын аргагүй. ­

Олимп, дэлхий, олон улсын тэмцээнд амжилттай оролцож Монгол улсынхаа нэр алдрыг Дэлхийд дуурсгадаг Тамирчид, Дасгалжуулагчид болон арын албанд үеийн үед хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг биеийн тамир, спортын салбарынхан Та бүгдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе.

Монголын ард түмэн Та бүгдээрээ бахархаж, Та бүгддээ баярлаж байдаг гэдэгийг цохон тэмдэглэхэд таатай байна. Та бүхэн өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ алдаршуулан дурсаж, өнөөдрийн амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, ирээдүйн хөгжлийн бодлого, чиглэлээ тодорхойлохоор Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа нь сайшаалтай.

 Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Үндэсний спортын өв соёлыг дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, спортын эрдэм шинжилгээ, анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмцээн, наадам зохион байгуулах тогтолцоог сайжруулах, салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох,тамирчид дасгалжуулагчдын нийгмийн хамгааллынтогтолцоог бэхжүүлэх”-ээр тодорхой зорилтууд дэвшүүлж, эхнээсээ амжилттай хэрэгжиж байна.Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу Биеийн тамир, спортын салбар анх удаа Спортыг дэмжих сантай болсноор иргэдийн дунд нийтийг хамарсан арга хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтын чанар, үр дүн сайжирсан. Энэ жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Иргэдийн спортын наадам”-ыг анх удаа спортын 5 төрлөөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Цаашид Иргэдийн спортын наадмын үр дүнд тулгуурлан хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бодлогоор дэмжиж, иргэдийг олноор хамруулах боломжтой спортын төрлүүдийг нэмэх, насны бүлгээр ангилах зэргээр хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй.Шинэчлэн батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулиар төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад гэрээгээр шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байгаа.

 Иймд холбогдох яам, агентлагийн зүгээс спортын холбоодыг хөгжүүлэх, засаглал, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, төр болон төрийн бус, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах ёстой.

Мөн ирэх оноос Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн магадлан итгэмжлэгдсэн спортын клубд хичээллэвэл эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний төлбөрийг хариуцдаг болох, Гаалийн тариф, гаалийн татварын хуулиар Монгол Улсад үйлдвэрлэдэггүй спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэгслэлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн заалтууд хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулахад Монгол Улсын Засгийн газраас анхаарал хандуулж ажиллах болно.

Монгол улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн гол үндэс болох юм.

Энд цугласан Та бид бүгд Эх орныхоо нэрийн өмнөөс Дэлхийд өрсөлдөх сайн тамирчдыг бэлтгэх, ард иргэдээ чийрэгжүүлэн эрүүл мэндийг нь хамгаалах үйл хэрэгт манлайлан ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс.

Та бүгд энэ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж чадна гэдэг миний бүрэн итгэж байна.

Түүнчлэн хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэдэг болгох зорилгоор төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг тал бүрээр хөгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилтан, албан хаагчдынхаа дунд биеийн тамир, спортын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулж байхыг энэхүү зөвлөгөөний индрээс Та бүгддээ уриалж байна.

Үүгээр “СПОРТ БА ХӨГЖИЛ” Биеийн тамир, спортын салбарын улсын зөвлөгөөн нээснийг мэдэгдэе.

Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье

Холбоотой мэдээ