Хилчин шалгагчид шинэ орон сууцтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-18 11:17:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Монгол Улсын Баатар Ж.Нэхийтийн нэрэмжит, дэд хурандаа В.Намхайнямбуу захирагчтай Хилийн 0101 дүгээр ангийн хамт олон “Хилчдийн нийгмийн хамгаалал 2024” хөтөлбөрийн хүрээнд аймгийн удирдлагуудын дэмжлэгээр албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж,14 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.

“Хилчин хотхон”-ны анхны эзэд нь хилчин шалгагчид  бөгөөд тэд ар гэртээ санаа зовохгүй ажил албаа гүйцэтгэж, ая тухтай тохилог орчин нөхцөлд амьдрах боломжтой болов. Орон сууцны барилгыг 0101 дүгээр ангийн ажилтан, албан хаагчид, цэргүүд хоёр сарын хугацаанд барьжээ.Орон сууцыг барихад аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил болон “Халиун Уул”, “Сэлэнгэ Титан”, “Сэлэнгэ АЗЗА” зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ангийн нийт бие бүрэлдэхүүн талархал илэрхийлэв.

Шинэ орон сууцны нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Хилийн 0101 дүгээр ангийн захирагч В.Намхайнямбуу, ХХЕГ-ын ХШҮДАГ-ын дарга хурандаа Д.Чойбаатар нарын албаны хүмүүс оролцов.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ