Чуулганы нэгдсэн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-18 08:20:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийт 19 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хуралдааны эхэнд Засгийн газраас Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн хамт өргөн мэдүүлсэн есөн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар” мэдээлэл хийх юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг баасан гаргийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.

Холбоотой мэдээ