Оросын талаар ямар хандлагатай байдгийг санал асуулгын дүн харуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-18 10:15:19

НЬЮ-ЙОРК. /ТАСС/.Америкчуудын 2-хон хувь нь Орос улсыг АНУ-ын холбоотон гэж үзэж байхад гурван хүн тутмын нэг нь тус улсыг дайснаа гэж харж байгааг “Economist” сэтгүүл болон олон нийтийн санаа бодлын “YouGov” судалгааны хүрээлэнгийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Оросыг холбоотноо эсвэл дайснаа гэж үздэг эсэх тухай асуухад санал асуулгад оролцогчын 2 хувь нь Оросыг холбоотноо гэж үзсэн бол 10 хувь нь Оросыг нөхөрсөг, 31 хувь нь нөхөрсөг бус орон гэж харжээ. Харин 34 хувь нь Оросыг дайснаа гэж харсан бол 23 хувь нь тодорхой санал бодлоо үлдээгээгүй байна.


18-29 насныхан Оросод илүү нааштай ханддаг нь санал асуулгаас харагджээ. Тэдний 4 хувь нь Оросыг холбоотноо гэж үзсэн бол, 12 хувь нь тус улсыг нөхөрсөг гүрэн, 25 хувь нь нөхөрсөг бус, 20 хувь нь дайснаа гэж тус бүр үзэж байсан бол 39 хувь нь энэ талаархи өөрийн байр сууриа тодорхойлоогүй байна. 65 дээш насныхны хувьд арван хүн тутмын нэг нь Орост нааштай ханддаг нь ажиглагдсан байна. Тэдний 39 хувь нь Оросыг нөхөрсөг бус гэж тооцсон бол 41 хувь нь дайснаа гэж үзжээ.


Түүнчлэн ардчилсан намын гишүүд Орост илүү сөрөг хандлагатай байдаг нь санал асуулгаас ажиглагджээ. Тэдний 53 хувь нь Оросыг дайснаа гэж хардаг бол бүгд найрамдахчуудын 25 хувь  нь ийм бодолтой байдаг аж.


Мөн энэ санал асуулгад оролцогчдын 1 хувь нь Умард Солонгосыг холбоотноо гэж хариулсан бол бараг тал буюу 47 хувь нь дайснаа гэж үзсэн байна.


1500 хүний дунд явуулсан уг санал асуулгыг энэ сарын 14-16-нд явуулжээ. 

Холбоотой мэдээ